Мал ургамлын эрүүл ахуйн хяналтыг олон улсын түвшинд хүргэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-19 18:37:09

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх ажлын байр бий болгох” төсөл, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төслийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм.

Эдгээр хуулийн төслийн талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн Б.Болор танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажлын байр бий болгох” төсөл нь жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлж, уул уурхайн бус салбарууд дахь ажил эрхлэлтийг бий болгох замаар эдийн засгийг төрөлжүүлэх зорилготой юм. Уг төсөл нь урт хугацаат санхүүгийн дэмжлэг, хугацаат хадгаламжийн зах зээлийг дэмжих гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. Техник туслалцааны төслийн хүрээнд зээлийн батлан даалтын системийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилго бүхий техник туслалцааны төслийг 0.8 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх юм байна.

Төслийн нийт санхүүжүүлэлтийн 88 хувь буюу 60.5 сая ам.долларыг Азийн хөгжлийн банк санхүүжүүлэх агаад харин үлдэх 12 хувьд оногдох 8.1 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар гаргах юм байна.

Харин Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Ургамал, малын эрүү ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төсөл нь мал, ургамлын эрүүл ахуйн хяналт шалгалтын тогтолцоог Дэлхийн худалдааны байгууллагын шаардлагын түвшинд хүргэх, улмаар мал, ургамлын гаралтай хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа аж. Уг төсөл нь лаборатори, хяналт, шалгалт, хоиро цээрийн байгууламжийг шинэчлэх, хяналт, шалгалтын удирдлагын системийг боловсронгуй болгох, олон улсын түвшинд хүргэх гэсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй. Уг төслийг Азийн хөгжлийн банкны 15 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх юм байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлахыг дэмжлээ.

相关新闻