“АСЕМ-ын Мэдээллийн төв”-ийг МОНЦАМЭ агентлагт нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭИрэх гуравдугаар сарын 1-нд тохиох АСЕМ-ын өдрөөр МОНЦАМЭ агентлагийн байранд “АСЕМ-ын Мэдээллийн төв”-ийг албан ёсоор нээнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны зөвлөх А.Ганбаатарын ахалж ажилладаг АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажлын хэсэг өчигдөр хуралдаж, цаг үеийн болон бэлтгэл ажилтай холбогдох хэд хэдэн асуудал хэлэлцлээ.
Ажлын хэсгийн хурлаар "АСЕМ-ын Мэдээллийн төв"-ийг нээх өдрийг товлов. Дээд түвшний уулзалтын эргэн тойронд өрнөх үйл явдал, бэлтгэл ажлын талаар мэдээлэл авахыг хүссэн хэн бүхэнд МОНЦАМЭ агентлагт байрлах уг төв нээлттэй ажиллах юм.
Мөн ажлын хэсгийн хурлаар Дээд түвшний уулзалтын үеэр гадаадын сэтгүүлчдэд зориулсан “Хэвлэлийн төв”-ийг “Шангри Ла” цогцолборт нээх тухай танилцуулга сонслоо. Уг төвд шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргаж, мэдээ мэдээлэл бэлтгэж дамжуулах нөхцөлөөр хангах суваг, өндөр хурдны интернэтийн сүлжээ зэргийг дотоодын компаниудын дэмжлэгтэйгээр шийдвэрлэхийг ажлын хэсгийн дарга холбогдох хүмүүст үүрэг болгов.
Түүнчлэн АСЕМ-ын уулзалтыг угтаж аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын дунд хандивын үйл ажиллагаа зохиох тухай ярилцаж, саналаа эцсийн байдлаар боловсруулан Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
АСЕМ-ын Үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр 15.00 цагаас болох юм.
Н.Гантуяа