“Grammy” шагнал гардуулах ёслолыг 25 сая орчим хүн үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
jargal@montsame.mn
2016-02-17 12:28:00

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Staples Center” цогцолборт даваа гарагт  болж өнгөрсөн хөгжмийн нэр хүнд бүхий “Grammy” шагнал гардуулах 58 дахь удаагийн ёслолыг телевизээр 24.95 сая хүн үзлээ гэж уг шоуг шууд дамжуулсан Америкийн телевизийн “CBS” компани мэдээлсэн байна.

“CBS” сувгийн мэдээлж буйгаар, дээрх тооцоог Америкийн судалгааны “Nielsen” компани гаргажээ. Тус компанийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор бол энэ улиралд зугаа цэнгэлийн нэг ч нэвтрүүлгийг ийм олон хүн үзээгүй байна. Гэхдээ “Grammy”-гийн хувьд дээрх тоо нь сүүлийн долоон жил дэх хамгийн доод үзүүлэлт юм. 2009 онд уг шагналыг гардуулах ёслолыг телевизээр 19.1 сая хүн үзэж байсан бол өнгөрсөн онд 25.3 сая хүн үзжээ. Энэ жил “Grammy” гардуулах ёслолыг залуучууд өмнөхөөсөө бага сонирхсон гэж “Nielsen” компанийнхан хэлсэн байна.

Америкийн рэпер Кендрик Ламар, кантри урсгалын од Тейлор Свифт, мөн Америкийн рок хамтлаг “Alabama Shakes” энэ жил хамгийн олон “алтан эгшигт хайрцаг” хүртжээ. Ламар таван шагнал хүртсэн бол дуучин Свифт, “Alabama Shakes” хамтлаг тус тус гурван шагналын эзэн болсон байна. 

Д.Жаргал

 

相关新闻