Дүйцүүлэх албаны төлбөр 4.8 сая төгрөг байхаар тогтов

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-02-16 12:04:18

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний Статистикийн газрыг нэгтгэн Бүртгэл, Статистикийн газар болгон өөрчлөн зохион байгуулсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын тухай хууль болон холбогдох бусад хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Уг хуулийн төсөлд Тахарын болон Статистикийн газрыг Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд нэмж тусгахаар оруулсан байна.

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь 2016 онд цэргийн дүйцүүлэх албыг хаах иргэдийн тооны дээд хэмжээг тогтоосон явдал байлаа. Энэ онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тоог 755 байхаар тогтоосон байна. Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоож 4 сая 807 мянга 207 төгрөг байх журмыг боловсруулжээ. Уг журмыг зохих хууль дүрмийн дагуу хэрэгжүүлж ажиллахыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд үүрэг болголоо" гэв.

Б.Туул 

相关新闻