Ард нийтийн санал асуулгыг 3-аас дээшгүй асуудлаар явуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-нд Сонгуулийн тухай хуулийн төсөл шинэчлэн баталсан бөгөөд энэ хуулийн үзэл баримтлал, зарчимд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг нийцүүлэх шаардлага үүссэн юм. Тус хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл нь 6 бүлэг 24 зүйлтэй.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, "10-аас илүүгүй асуудлаар асуулга явуулах нь зохисгүй. Олон асуудлаар санал асуулга явуулах нь иргэдийг төөрүүлнэ. Гурав болон таваас илүүгүй асуудлаар асуулга явуулах нь оновчтой" гэсэн байр суурьтай байв. Үг хэлсэн гишүүдийн олонх асуулга цөөн байх нь зүйтэй гэсэн саналтай байсан ба хуулийн төсөлд санал асуулгыг нэг удаад 3-аас дээшгүй асуудлаар явуулна хэмээн өөрчлөн тусгахаар боллоо.
Энэ үеэр зарчмын зөрүүтэй болон найруулгын саналаар санал хураалт явуулсаны дараа байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганд танилцуулахаар тогтов.
Б.Туул