Уур амьсгалын гэрээнд гарын үсэг зурах ёслолд дэлхийн бүх удирдагчийг урьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭНҮБ. /TASS/. 2016 оны дөрөвдүгээр сарын 22-нд АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байранд болох уур амьсгалын асуудлаарх олон улсын гэрээнд гарын үсэг зурах ёслолд хүрэлцэн ирэх урилгыг тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга дэлхийн бүх удирдагчид явуулжээ. Энэ өдөр олон улсын хамтын нийгэмлэг Дэлхийн өдрийг тэмдэглэнэ.
НҮБ-ын хэвлэлийн албанаас мэдээлснээр, дэлхийн удирдагчид уг ёслолд өргөнөөр оролцох нь уур амьсгалын асуудлаарх конвенцийг нэн даруй хүчин төгөлдөр болоход, мөн “шинэ гэрээний заалтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай жижиг хэсгүүдийг боловсруулж дуусгах боломж олгоно” гэж Бан Ги Мүн нэгдүгээр сарын 22-нд илгээсэн захидалдаа онцлон тэмдэглэсэн байна.
Засгийн газруудын болон иргэний нийгэмлэгүүдийн төлөөлөгчдийн оролцоотой форумыг Нью-Йорк хотод тавдугаар сарын 5-6-нд зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухай НҮБ урьд нь мэдээлжээ. Уг форумын үеэр гэрээний хэрэгжилтийг хэлэлцэх аж.
Францын нийслэл Парис хотод өнгөрсөн оны 12 дугаар сард болсон Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурлын үеэр хүлэмжийн хийн хаягдлыг бууруулахад болон дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5-2 градуст тогтоон барихад чиглэсэн гэрээг баталсан билээ. Уг гэрээ нь 2020 онд Киотогийн протоколыг орлох ёстой бөгөөд дэлхийн нийт хүлэмжийн хийн хаягдлын 55-аас доошгүй хувийг ялгаруулдаг 55 оронд баталснаар хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм.
Д.Жаргал