МАН-ын бүлэг Ерөнхий сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзлээ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах нь зүйтэй гэдэг дээр 100 хувь санал нэгдэв.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг татварыг нэг ч төгрөгөөр нэмэхгүй гэж ард түмнийг хуурсан. Тухайлбал, дэлхийн зах зээлд бензиний үнэ буурч байхад Монголд буураагүй. Үнэ буух бололцоог нь татвар нэмэх замаар хаасан. Мөн малчдын амьдрал хүнд байдалд орж, малын гаралтай түүхий эд, ноос ноолуурын үнэ түүхэндээ байгаагүйгээр унасан. Малчид нэг тэрбум ам.долларын махыг гадны зах зээл рүү хэзээ гаргах юм бол хэмээн хүлээн сууна.
Засгийн газраас 6 тэрбум төгрөг зарцуулж хийсэн судалгаандаа үндэслэн 300 мянган хүүхдэд мөнгө олгохгүй гэж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр иргэдийг ихээр бухимдуулсан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анх “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” хэмээн тунхагласан. Гэтэл өнөөдөр эдийн засгийн өсөлт хоёр хувь болж буурсан. Валютын ханш өсч түүхэндээ байхгүй өссөн. Мөн улсын төсөвт гурван удаа тодотгол хийсэн.
Шийдлийн Засгийн газар 850 сая ам.долларын зээл гаднаас нэмж авахаар хөөцөлдөж байна. Авлигатай тэмцэх ажилд ахиц гарсангүй. Засгийн газар Үндсэн хуулийн цэцийг хахуульдаж “Лексус” 570 маркийн машин өгсөн. Сайд нь албан өрөөндөө авлига авсан гэх мэт үе үеийн Засгийн газрын түүхэнд байгаагүй үйлдлүүд гаргасан. Энэ мэт үндэслэлээр Ерөнхий сайдыг огцруулахад санал нэгдсэн гэж Бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа мөн үеэр хэлэхдээ, “УИХ-ын дарга З.Энхболд чуулганы индэр ашиглан эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байна. Тиймээс УИХ-ын даргад өөрийн саналаар огцрох ёстой гэсэн шаардлага хүргүүлнэ” гэлээ. Түүнчлэн нийслэлийн мандатыг нэмэх тухайд тус бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр дэмжихгүй байгаагаа илэрхийлэв.
Б.Туул