“Лалын улс”-ыг дарах ажиллагаанд АНУ 5.5 тэрбум доллар зарцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭВАШИНГТОН. /TASS/. Террорист “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх цэргийн ажиллагаанд АНУ 2014 оны есдүгээр сараас хойш 5.5 тэрбум доллар зарцуулжээ. Энэ тухай Ирак, Сирид явуулж буй терроризмтой тэмцэх ажиллагаанд оролцож байгаа АНУ-ын цэргийн багийн албан ёсны төлөөлөгч, хурандаа Стив Уоррен мэдээлжээ. Тэрбээр Пентагоны хэвлэлийн төвд цугласан сэтгүүлчдэд телевизээр дамжуулан Багдадаас хэвлэлийн хурал зохион байгуулсан байна.
“Энэ зорилгод зарцуулж буй өдөр тутмын зардал 11 сая доллар болж байна” гэж Уоррен хэлжээ. Түүний хэлснээр, ажиллагааг явуулж эхэлснээс хойш АНУ-ын цэргийн онгоцууд 65492 удаа байлдааны нислэг үйлдэж, “Лалын улс”-ын объектууд болон байрлалд 9782 цохилт өгсний гуравны хоёрыг нь Иракийн нутаг дэвсгэрт, гуравны нэгийг нь Сирийн нутаг дэвсгэрт өгсөн байна. Хэрэв нэг дүүрэгт хэд хэдэн онгоцоор нэгэн зэрэг цохилт өгсөн бол үүнийг Пентагон нэг цохилт гэж тооцож байгаа аж. “Өнгөрсөн оны тавдугаар сараас хойш эвслийн хүчин “Лалын улс”-ын 95 орчим толгойлогчийг” болон хэдэн мянган босогчийг устгасан гэж Уоррен хэлсэн байна.
АНУ-ын Агаарын цэргийн хүчин Ирак дахь “Лалын улс”-ын босогчдын байрлалд 2014 оны наймдугаар сард цохилт өгч эхэлсэн бол есдүгээр сарын 23-наас Сири дэх террористуудыг бөмбөгдөж эхэлсэн билээ. Иракт байлдааны ажиллагаанд Америкийн нисэх хүчний хамт Австрали, Их Британи, Иордан, Канад, Нидерланд болон Францын цэргийн онгоцууд оролцож байгаа бол Сирид явуулж буй ажиллагаанд Австралии, Бахрейн, Их Британи, Иордан, Канад, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Саудын Араб, Турк, Францын Агаарын цэргийн хүчний онгоцууд нэгджээ.
Д.Жаргал