Чулуун гоёлыг Дорноговийн брэнд болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-19 09:01:07

Дорноговь аймагт өнгийн чулуугаар төрөл бүрийн хөөрөг бусад эдлэл хийдэг “Чулуун гоёл” ХХК 60-70 орчим төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Монголчууд байгалын чулууг амьдрал ахуйдаа  ихээр хэрэглэдэг болсон төдийгүй чулууны мэдлэг сайжирсан учраас захиалга тасардаггүй аж. Тус компани 2008 оноос эхлэн чулууны судалгаа явуулж тоног төхөөрөмж цуглуулж эхэлсэн бөгөөд 2013 оноос эхлэн 20 гаруй нэр төрлийн чулуугаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж нэрийн барааны дэлгүүрүүдэд худалддаг болжээ.

Чулуу болгон өөрийн энерги, ашиг тустай байдгийг монголчууд сайн мэддэг бөгөөд ямар нэгэн өвчнийг илааршуулахад ашигладаг уламжлалтай. Монгол чулууны хувьд мана, гартаамын төрөл  илүү олон өнгөтэй байгалиас олддог аж. Халтар манын тогтоц Монголоос өөр оронд бага байдаг. Харин манай улсын мана чулуу гүйдэл, судал сайтай байдаг гэнэ.

Компанийн хамт олон Монголын үнэт чулуун эдлэлийг дэлхийн зах зээлд гаргах, олон улсад таниулан сурталчлах зорилт тавьжээ.

            Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган        

 

相关新闻