Дэлгэрэх сумынханд өвс, тэжээлийн тусламж хэрэгтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-19 08:58:48

Дорноговь аймгийн зудтай байгаа таван сумын нэг Дэлгэрэх суманд өвөлжилт хүндэрч зудын байдалд шилжээд сар гаруй болж байна.

Тус сум 2015 оны жилийн эцсээр 186 мянган толгой мал тоолуулсан бөгөөд үүний 60-70 хувь нь гадны аймаг, сумын нутагт оторлож буй. Одоогийн байдлаар 50-60 мянган толгой мал өөрийн аймгийн Эрдэнэ, Өргөн, Сайншанд сумын нутгаар өвөлжиж буй бол 30-40 мянган толгой мал хөрш Хэнтий аймгийн Галшар, Баянхутаг сумын нутагт оторлож байна.

Цасны зузаан тал газраа 15-20 см зузаан, хонхор өвөр газарт  нэг метрээс дээш зузаан хунгар тогтсон тул цасыг зөвхөн 69, Ланд 80 машин л туулж байгаа талаар Сумын ЗДТГ-ын дарга Б.Буяннэмэх ярив. Хэнтий аймгийн нутагт өвөлжиж буй мал сүрэгт  хужир дутагдсан тул Гурван гашууны шүү гэдэг газраас  200 гаруй хужир бэлтгэж отрын малчид руу фортер машинаар зөөвөрлөжээ.

Тус сумын төсвийн албан хаагчид сумандаа байгаа өвөлжилт хүндэрсэн айл өрхүүдэд очиж  хашаа хороог дулаалах, ядарсан малыг нь сум руу зөөх гээд байнгын бэлэн байдалд ажиллаж байгаа аж. Ялангуяа өөрийн аймгийн сумдад  оторлож буй мал ихээхэн ядарч туйлдан заримаас нь үхэж эхэлж байгаа юм. Тиймээс Дэлгэрэх суманд яаралтай өвс тэжээлийн тусламж үзүүлэх шаардлага байгааг албаны хүн учирлав.

            Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган        

相关新闻