“Говь” компани Дэлгэрэх улаан ямааны ашиг шимийг судлахаар болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймаг хөдөө аж ахуйн салбартаа брэнд бүтээгдэхүүн гаргаж авах зорилгоор МААЭШХ-тэй хамтран ноолуурын чанар, гарц сайтай улаан ямааг омгоор баталгаажуулах ажлыг хийж байна.
Өнгөрөгч долоо хоногт “Говь” компанийн Чанар, стандарт, баталгаажуулалтын газрын ажилтнууд тус аймагт ирж улаан ямааны ноолуурын өнгө, чанарыг анхан шатны байдлаар судалжээ.
Улаан ямаа нь говийн байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицсон амьдрах чадвар сайтай төдийгүй амьдын жингээр бусад үүлдэр омгийн ямаанаас илүү, ноолуур нь 13-15 микронтой жигд урт, өвөрмөц популяци бөгөөд тоо толгой нь 13,000 хүрээд буй юм. Улаан ямаагаа омгоор баталгаажуулах судалгааны ажлыг МААЭШХ-тэй хамтран сүүлийн таван жил дараалан зохион байгуулж нийт 30,0 сая төгрөг зарцуулжээ.
Энэ удаа “Говь” компанийн мэргэжилтнүүд улаан ямааны ноолуур, өнгө, гарцыг судалж чанар сайтай болохыг нь баталж ирэх хавар дахин судлахаар болсон аж. Хэрэв энэхүү ямааны ашиг шим өндөр гарвал ноолуураар нь бүтээгдэхүүн хийж туршиж үзэхээр болсон байна.
Х.Эрдэнэбулган