Солонгосын Хөдөлмөрийн намын их хурлыг хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-16 14:12:45

ПХЕНЬЯН. /TASS/. Сүүлийн 36 жилийн хугацаанд анх удаа болох БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын VII их хурлыг 2016 оны 10 дугаар сарын 10-нд болгон хойшлуулсан тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээллээ.

Солонгосын Хөдөлмөрийн намын их хурлыг 2016 оны тавдугаар сард зохион байгуулна гэж тус намын Төв хорооны Улс төрийн товчоо 10 дугаар сард мэдэгдэж байв. Хурал болох хугацааг хойшлуулсан шалтгаан болон хурлын үеэр хэлэлцэх асуудлуудын талаар мэдээлээгүй байна.

Солонгосын Хөдөлмөрийн намын VI их хурал 1980 оны 10 дугаар сард болж байжээ. Уг хурлын төлөөлөгчид улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжлийг дүгнэж, социализмын материал-техникийн баазыг бэхжүүлэх зорилт тавьж байсан байна. Энэ чиглэлд хийсэн чухал алхам бол БНАСАУ-ын ардын аж ахуйн хөгжлийн хоёр дахь долоон жилийн төлөвлөгөөг /1978-1984 он/ зарласан явдал байв. Үүнээс хойш улс орны бүхий л чухал асуудлыг Солонгосын Хөдөлмөрийн намын бага хурлуудаар хэлэлцэн шийдсээр иржээ.

Умард Солонгост өнгөрсөн 10 дугаар сард Солонгосын хөдөлмөрийн нам байгуулагдсаны 70 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэж, Пхеньян хотод цэргийн парад, томоохон жагсаал, бамбартай жагсаал болсон билээ. Парадын үеэр Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун үг хэлсэн байна.

Д.Жаргал

 

相关新闻