Нийслэлд хэрэгжих төсөлд иргэдийн саналыг авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-12-12 16:37:41

Нийслэлийн ЗДТГ,  Азийн сантай хамтран Зөвлөлдөх санал асуулгыг “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” нэр дор Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байна.

Зөвлөлдөх санал асуулгын хуралдааныг Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун удирдаж байна. Эхний өдрийн хөтөлбөрийн дагуу Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат Улаанбаатар хотыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, эдийн засаг санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал,  Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал Улаанбаатар хотын эрүүл, аюудгүй байдлын төлөв, тулгамдсан асуудлын талаар танилцууллаа. Зөвлөлдөх санал асуулгад оролцогчдыг 20 бүлэгт хуваасан бөгөөд бүлэг тус бүр ирэх жилүүдэд нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон 14 төслийн талаар мэдээлэл авч, харилцан санал солилцож байна. Нэгдсэн хуралдаанаар Барилгын материал, Байгаль орчинд нөлөөлөх байдал, Бизнес хөгжил, Аялал жуулчлал спорт, Арьс шир боловсруулах үйлдвэрүүд , Төр хувийн хэвшлийн түншлэл, Усны хангамж, Гол хамгаалах, Хог хаягдал, дахин боловсруулах асуудлаар мэргэжилтнүүд тодруулга өглөө.
 Санал асуулгын явцад хяналт тавих Зөвлөх хороо ажиллаж байгаа бөгөөд хорооны гишүүдээр Ерөнхий сайд асан Д.Содном, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Хас банкны ТУЗ-ийн дарга Ч.Ганболд, Философийн ухааны доктор, профессор Б.Даш-Ёндон, Гандантэгчинлэн хийдийн Хамба лам Д.Чойжамц, Монголын Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх зөвлөлийн гүйцэтгэх захирал Т.Ариунаа, MCS группын Ерөнхийлөгч Ж.Од, нийтлэлч Б.Батбаяр, Алтан тариа ХК-ийн захирал П.Цэнгүүн, Монфэмнэт Үндэсний сүлжээ ТББ-ын ахлах зөвлөх Д.Сүхжаргалмаа, МУИС-ийн Ректор Р.Бат-Эрдэнэ нар ажиллаж байна. “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” зөвлөлдөх санал асуулга маргааш өндөрлөнө.

Б.Туул

相关新闻