Л.Болормаа агсны "Чимээгүй лугших бүтээлч судас" номын нээлт боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ"Mongolian Mining Journal" сэтгүүлийн үүсгэн байгуулагч, ерөнхий эрхлэгч Л.Болормаа агсны "Чимээгүй лугших бүтээлч судас" номын нээлт өчигдөр боллоо.
Нийтлэлч Л.Болормаа өнгөрсөн нэг жилийн хугацаанд нэгэн ном бичиж байсан нь “Чимээгүй лугших бүтээлч судас” хэмээх Монгол Улсын ардчилсан нийгэмд шилжсэнээс хойшхи шилжилтийн үеийн тухай өгүүлсэн бүтээл байв. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд сэтгүүлч Л.Болормаа тун их мэдээлэл, өгөгдөл цуглуулж амжжээ. Түүний төлөвлөгөөгөөр бол энэ номын төгсгөлийн хоёр бүлэг арайхан дутуу, магадгүй нэлээхэн дутуу ч байж мэдэхээр байсан байна. Энэхүү бүтээлийг тэрбээр хараахан өлгийдөн авч амжаагүй байсан юм. Тийнхүү сүүлчийн хоёр бүлгийг дуусаагүй чигээр нь хэвлүүлж, номын нээлтийн ёслолыг хийсэн нь энэ.
Номын нээлтийн үеэр Л.Болормаа агсны охин Б.Алигэрмаа "Өнөөдөр ээжийн маань 21 хоног. Энэ өдөр та бүхэнд ээжийнхээ дуусгаж амжаагүй, сүүлчийн номыг нь танилцуулж байна. Ээж минь "Намуухан хөгжим тавьж, хамт олон, найз нөхдөө уриад номынхоо нээлтийг хийнэ ээ" гэж ярьж, мөрөөдөж байсан. Өнгөрсөн 21 хоногийн турш намайг болон миний дүүг халуун дулаанаар түшиж байсан ээжийн минь хамт олон, найз нөхөд та бүхэнд маш их баярлалаа" гэлээ.
"Чимээгүй лугших бүтээлч судас" ном нь улстөрчийн намтар, баримтуудын цомог бөгөөд сэтгүүлч З.Боргилмаа редакторложээ. Номын нээлтэд сэтгүүлзүйн салбар дахь хамтран зүтгэгчид, найз нөхөд, ойр дотныхон нь хүрэлцэн ирсэн байлаа.
Б.Туул