Сурагчид өөрийн хийсэн бүтээлээ борлуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-09-16 14:16:35
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгорын хүүхдүүд бүтээлч болохоо батлан харуулж, өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээ худалдан борлуулж байна. "Нэг хүүхэд-Нэг бүтээл" уриан дор болж буй "Би ирээдүйн баялаг бүтээгч" хүүхдийн бүтээлийн тус үзэсгэлэн худалдаа өнөөдөр Баганат талбайд болж байгаа юм.
Төв болон хөдөөгийн сургуулийн сурагчид шүр, сувсан хэлхээ бүтээл, цагаан идээ, гар урлал, модон урлал, хайчилбар зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүнийг хийж, үзэсгэлэн худалдааг зорин иржээ. Тэдний бүтээгдэхүүн 300 төгрөгөөс эхлээд, 400 мянган төгрөг хүртэлх үнэтэй.
Өөрийн гараар түүсэн гишүүнэ гэх ургамлыг буцалгаж хандлаад ундаа болгон хийдэг, метрийн даавууг худалдан авч ам дөрвөлжин хайчлаад, захалж оён нусны алчуур хийчихдэг, үзэгний сав, гоо сайхны цүнхийг тун чиг чамин хийдэг, даавууны өөдөс ашиглан хананд өлгөдөг цэцгэн жааз урладаг зэрэг бүтээлч охид, хөвгүүд тус талбайд цугларчээ. Нэгэн хүү, "Би гэртээ төмсний нухшан бөмбөлөг хийж ирээд зарж байгаа. Бас өөрөө дэлгүүрээс худалдаж авсан мөстэй коланы аяганд, өөрөө мөнгө цуглуулж байж авсан кока колагаа хийж зарж байгаа" гэх тайлбар хэлэх нь хайр татам байлаа.
Тэгвэл гарын дүй, хийц маягаараа хараа булаахаар бүтээгдэхүүн буюу цаасан хайчилбар, морин хуур, цуур зэрэг хөгжмийн зэмсгийг Галуут сумын сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Золбаяр хийж иржээ. Тэрээр бүтээлээ 150-400 мянган төгрөгөөр үнэлж байв. Гурван жилийн өмнө хөөмэйн сургалтанд сууж, ардын урлаг, хөгжмийн зэмсгийг сонирхож эхэлсэн, тэгээд жил гаруйн өмнөөс ахынхаа зөвлөгөө зааврын дагуу ширэн цартай экэл хуур, товшуур, цуур зэрэг хөгжмийн зэмсгийг хийж эхэлжээ. Өдгөө сумынхан нь төдийгүй зэргэлдээ сум, СУИС-д сурдаг найзууд нь хөгжмийн зэмсгийн захиалга өгдөг болсон байна. Сургуулиа төгсөөд ямар мэргэжил эзэмших вэ гэхэд, "Цаашид энэ мэргэжлээрээ дагнахгүй, гэхдээ орхихгүй ээ" гээд инээсэн. 
Хүүхдүүд өнөөдрийн турш бүтээлээ худалдаад маргааш Гэр бүл, Хүүхэд залуучуудын газрын шалгаруулалтаар шилдгүүдээ тодруулах юм байна.
                                                                                                                               Б.Мөнхзул
相关新闻