Хангайн сумд арьс шир боловсруулах үйлдвэртэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-09-14 14:39:43
Баянхонгор /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, ХХААБХ-ны дарга Л.Элдэв-Очир долдугаар сарын сүүлчээс эхлэн Баянхонгор аймагт "Хамтдаа" өдөрлөгийг зохион байгуулж, тойргийн сумдадаа ажиллаж байна. Тэгвэл өнөөдөр "Хамтдаа" өдөрлөгийг тавдугаар багт эхлүүлж, 20 жилийн түүхтэй тус багийнхан урлаг, спортын томоохон арга хэмжээг өрнүүллээ.
Өдөрлөгийн хүрээнд урлаг соёл, спортын олон төрөлт арга хэмжээ зохион байгуулагддагаас гадна тойргийн сонгогчид тулгамдсан асуудал, нутаг орныхоо ажил үйлс зэрэг олон зүйл дээр гишүүн болон аймгийн удирдлага, холбогдох албаныханд санаа бодлоо хуваалцан, ажил хэрэг болгох боломж олддогоороо онцлог аж.
Түүнээс гадна "Хамтдаа" өдөрлөгийн хүрээнд сумдад ажиллахдаа УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир 400 шахам сая төгрөгийн дэмжлэгийг орон нутгийнханд хувиасаа олгожээ. Тодруулбал, Баян-Овоо, Эрдэнэцогт, Галуут, Заг, Байдраг сумдад тус бүр нь 50 сая төгрөгийн өртөг бүхий арьс шир боловсруулах жижиг үйлдвэр, Галуут суманд 50 сая төгрөгийн үнэтэй Ундны ус зөөвөрлөх автомашиныг гардуулан өгсөн байна. Түүнээс гадна үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдахад мөнгөн дэмжлэг хүссэн нэр бүхий иргэдэд 20 шахам сая төгрөгийг зарцуулжээ.
Тавдугаар багийнхны дунд өрнөж буй "Хамтдаа" өдөрлөгийн арга хэмжээний нээлтийн үеэр болсон онцлох үйл явдал нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн автомашиныг гардуулсан явдал байв. Түргэн тусламжийн тус автомашин нь иж бүрэн тоноглогдсон, сүүлийн үеийн загварын Япон тэрэг бөгөөд шаардлагатай тохиолдолд зам зуур ч мэс ажилбар хийх боломжтой, агаар ариутгах кварц зэрэг бүхий л төхөөрөмжийг багтаажээ. Хувийн хөрөнгө оруулалтаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт гардуулж буй тус автомашины түлхүүрийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Баттогтоход мөн үеэр хүлээлгэн өгсөн юм.
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир тойргийн сумдынхаа 32 багт дээрх өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд аймгийн төвийн тавдугаар багт ийнхүү зохион байгуулснаар "Хамтдаа" өдөрлөг хаалтаа хийж байгаа аж. 
                                                                                                            Б.Мөнхзул
相关新闻