Тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог идэвхжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн “Өрнөх хөгжил” ТББ-аас "Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутгийн байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцооны журам" - ын төсөлд иргэдээс санал авч эхэлжээ.
Учир нь тус төрийн бус байгууллага нь “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зарласан нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус байгууллагын түншлэл, хамтын ажиллагааг дэмжих 2018 оны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцооны тогтвортой байдлыг хангах зорилгоор сургалт, нөлөөллийн ажлыг хийж эхлээд байгаа ажээ. Энэ хүрээнд Улиастай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 06 тоот тогтоолоор Байгалын түүх соёл, ус нөөц эх үүсвэр бүхий экологийн чухал ач холбогдолтой Богд, Чигэстэй голын ай сав газрын дагуух болон орчны 788,33 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах шийдвэрийг гаргуулсан байна. Харин энэхүү шийдвэрийг ажил хэрэг болгох, хэрэгжилтийг нь сайжруулахад иргэдийн оролцоо сул байна. Тиймээс иргэний нийгмийн байгуулагууд, төрийн байгууллагууд хамтран "Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутгийн Байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцооны журам"-ын төслийг гаргаж иргэдээс санал авч байна. Өнөөдрийн байдлаар журамд Улиастай сумын 60 гаруй иргэн саналаа утсаар болон цахимаар ирүүлээд байна. Энэ журмын гол зорилго бол орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутгийг унаган төрхөөр нь хадгалах, Байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцооны тогтвортой байдлыг хангах, орон нутгийн байгалийн тэнцвэрт байдлыг хангах, хамгаалах, ашиглалттай холбогдсон үйл ажиллагааг зохицуулах юм. Тухайлбал тусгай хамгаалалтай газарт газар хагалах, ухаж сэндийлэх, ургамлын нөмрөг талхлах, хөрс, ус, агаар бохирдуулах, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын ажил явуулахыг хориглоно гэж заасан байгаа. Мөн иргэд, олон нийтийн оролцоог хангахад орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх мэдээ мэдээллийг түгээж, ил тод хүртээмжтэй байлгах хэрэгтэй. Орон нутгийн захиргаа, мэргэжлийн байгууллага нь олон нийтийн оролцоог хангахад шаардагдах хөрөнгө, байгаль орчныг хамгаалах журам, заавар, аргачлалыг иргэд, олон нийтэд нээлттэй байлгана гэхчлэн тус журамд заасан байгаа хэмээн Өрнөх хөгжил ТББ-ын тэргүүн М.Дуламжав мэдээлэв.
Б.Мягмарсүрэн