Баруун бүсийн “Ахмадын үйлс”чуулганд 250 гаруй ахмадууд оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт Баруун бүсийн “Ахмадын үйлс” чуулган болж 250 гаруй ахмадууд оролцож баруун бүс нутагт ахмад настны нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг улсын хэмжээнд төлөөлж, нийгэмд үйлчилдэг үндэсний хэмжээний төрийн бус байгууллага болох хороодуудынхаа амжилт, ололтоо хэлэлцэж хамтран ажиллахаар болжээ.
Чуулганы үеэр баруун таван аймгийн ахмадуудын урласан оёмол, ширмэл, нэхмэл, тэдний тарьж ургуулсан жимс жимсгэнэ, сүү цагаан идээ, эсгий урлалын бүтээлүүдийн үзэсгэлэн худалдаа болжээ. Үзэсгэлэнд 78 төрлийн бүтээгдэхүүнээр Завханы 24 сум, баруун таван аймгийн 130 гаруй ахмадуудын бүтээл оролцжээ. Мөн үеэр баруун таван аймгийн ахмад урлагийн гавъяатууд, ардын авъяастнуудын нөхөрсөг тоглолт болж ахмадуудын нийгмийн асуудлын талаар үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд сургалт хийжээ. Мөн үеэр баруун таван аймгийн ахмадын хорооны үүх түүх, өөрсдийн нутгийн онцлог, амжилтын түүх, хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаасаа ахмадууддаа танилцуулсан нь сонирхол татаж байв.
Халамжийн тэтгэвэр авагчдын сарын дундаж орлого өссөн гэв
Баруун бүсийн “Ахмадын үйлс” чуулганы үеэр Монголын Ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар: -“Монголын ахмадын холбоо ахмадуудынхаа эрх ашгийг хамгаалахын төлөө байнгын үйл ажиллагаа явуулж төр засагтай хамтран ажиллаж байна. Үүний нэг томоохон жишээ энэ оны 3 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Ахмадын байгууллагын удирдах ажилтны зөвлөлгөөн юм.
Уг зөвлөлгөөнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг оролцон ахмадуудын талаар төр засгаас авч хэрэгжүүлж буй ажлаас танилцууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт ахмад настны талаар туссан зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ахмад настны эрх, хөгжил, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцооны асуудлыг цогц байдлаар зохицуулсан Ахмад настны тухай хуулийг УИХ-аар батлуулж, 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн билээ. Уг хуулиар “Насны хишиг”-ийг ахмад настанд жилд хоёр удаа олгохоор хуульчилсны дагуу олгож байгаа. 2018 онд 129 мянган ахмад настанд 50-250 мянган төгрөгийн “Насны хишиг”-ийг цагаан сарын өмнө дансанд нь бүрэн шилжүүлсэн. Мөн сүүлийн жилүүдэд хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтой ахмад настны тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор "Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийг жил бүр Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл баталж, аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, ажилтан хэрэгжүүлэхээр хуульчилсны дагуу “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг 2018 оны нэгдүгээр сард шинэчлэн баталсан байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд 2018 онд ахмад настны зөвлөх үйлчилгээнд 1,4 тэрбум төгрөг төсөвлөж, 1212 ахмад настныг хамруулахаар төлөвлөж байгаа аж. Тэтгэвэр авагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх зорилгоор энэ оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн нийгмийн даатгалын тэтгэврийг 27.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 280.0 мянган төгрөгөөр, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 243.0 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосон төдийгүй Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэврийн хэмжээг 155 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг 70.000 төгрөг болгон нэмэгдүүлснээр нийгмийн даатгал, халамжийн тэтгэвэр авагчдын сарын дундаж орлого 9,3-11 хувиар өссөн талаар мэдээлснийг та бүхэндээ дахин дуулгахад таатай байна.”гэлээ.
Завханы ахмадууд “Ахмадын сан”-тай болжээ
Өнөөдөр Завхан аймгийн хэмжээнд 2018 оны эхний байдлаар 6932 ахмад бүртгэгдсэн байгаагийн дотор 4640 эмэгтэйчүүд байна. Нийт ахмадуудын 71.3 хувь буюу 4946 нь 70 хүртэлх насны ахмадууд байна.
Энэ жил Завханы ахмадын хороо нь аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу 24 суманд ажиллаж төрийн байгууллагын ажилтан албан хаагчдад зөвлөн туслах зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгчийн үнэлгээ хийх, айл өрхүүдээр орж төрийн ажлын чанар хүртээмжийн байдалд үнэлгээ хийх ажилд идэвхитэй оролцжээ. Түүнчлэн Ахмадын ордондоо хагас жилийн байдлаар дуун цэнгүүн, нийтийн бүжгийг 30 гаруй удаа явуулж Монголын эмэгтэйчүүдийн холбооны Завхан салбартай хамтран 1000 цэцгийн үзэсгэлэн зохион байгуулжээ. Үндэсний өв соёлоо хамгаалах хүрээнд Завхан аймагт зохион байгуулагдсан үндэсний төв номын санд хадгалагдаж буй хуучин ном судраа хамгаалах “Өв соёлоо өлгийдъе” 8888 номын баринтиг хийх аянд нэгдэж нийт 24 сумын ахмадууд 1200 номын баринтиг урлаж аянд идэвхитэй оролцсон байна. Ахмадын санг арвижуулах хүрээнд “Бодь даатгал”-тай хамтран ажиллах гэрээ байгуулан 24 суманд ахмадуудын санаачлагаар даатгуулсан даатгалын үнийн дүнгийн 20 хүртэл хувийг ахмадын санд хуримтлуулж түүгээрээ Очирваань тур аялал жуулчлалын компанитай хамтран ахмадуудыг өдрийн болон дотоод гадаадын аялалд хамруулах аялалын зардлын 10 хувийг ахмадын сандаа хуримтлуулдаг болсон. Завхан аймгийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор Европын холбооноос хэрэгжүүлж байгаа төрийн бус байгууллагуудыг чадавхижуулах төсөлд аймгийн “Ахмадын хороо”, “Ахмад мэргэжилтний холбоо”, “Ахмад настнуудын хөдөлмөрийг дэмжих холбоо”, “Ахмад сувилагчдын холбоо”, “Эмнэлгийн ажилтны ахмадын хороо”, ахмадын “Мэд нэм” НҮТББ, “Амар амьдрал” зэрэг 10 гаруй ахмадын төрийн бус байгууллагууд хамрагдаж 20 гаруй удаагийн сургалтанд хамрагдаж чадавхижаад байгаа гээд олон шинэлэг ажлаасаа “Ахмадын үйлс” чуулганы үеэр Завхан аймгийн Ахмадын хорооны дарга Т.Пүрэвжаргал мэдээлэв.
Ховд аймгийн ахмадууд хот дотроо үнэгүй зорчдог болжээ
Олон ястны өлгий Ховд аймаг 8200 ахмад настантай бөгөөд алдар гавъяатай ахмад настан 45, 100-аас дээш настай гурван ахмад, 90-ээс дээш настай 69 ахмад байна.
Ховд аймгийн ахмадын ордны барилга 2011 онд ашиглалтад орж ахмад настны дунд олон талт ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж байгаа. Өнөөдөр нэг ээлжиндээ 20 ахмад настныг амраадаг ахмадын “Цагаан уул” амралт сувилал ажиллаж байна. Мөн манай ахмадын хороо аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Ахмадаа ачлая” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр тусгаж, таван сая төгрөгөөр иж бүрэн караокены хөгжимтэй болсноор ахмадууд чөлөөт цагаа дуутай хууртай өнгөрөөх сайхан боломж бүрдсэн. Мөн Ховд аймгийн Засаг Даргын нөөц хөрөнгөөс жилд 30-35 сая төгрөг зарцуулан Ховд хотын дотор ахмад настнууд автобусаар үнэ төлбөргүй үйлчлүүлж байгаа. “Ахмад настны тухай” хуулийг орон нутагт хэрэгжүүлэхэд баруун бүсийн ахмадын байгууллагууд хамтарсан бодлоготой байж харилцан ололт амжилтаа бататгаж дутагдлыг арилгахад хамтын санаачлага хэрэгтэй байгааг ахмадын байгууллагын идэвхитэн сонгуультнууд анхааран ажиллах нь бидний хойшлуулшгүй зорилт байх ёстой хэмээн Ховд аймгийн Ахмадын хорооны дарга МУСГЗ Ч.Дамбадаржаа ярив.
Ахмадын хороо дэргэдээ Ойрад дууны холбоотой гэв
Увс аймгийн Ахмадын хороо “Идэвхтэй хөдөлгөөн эрүүл мэнд” 8,5 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлж чийрэгжүүлэлтийн танхимтай, чийрэгжих тоног төхөөрөмжтэй болжээ.
Мөн Тогтвортой амьжиргаа төслийн санхүүжилтээр 17 сумын ахмадын хорооны байрыг тохижуулах зорилгоор 29 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлсэн байна. Төслийн үр дүнд ахмадууд чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх, хамтарч үйл ажиллагаагаа явуулах, сонин хэвлэл унших, эмчийн үзлэгт хамрагдах, чийрэгжих дасгал хийх, биллъярд, шатар, даам, шагай хөзөр тоглох зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай нөхцөл бүрдсэн байна. Түүнчлэн Мерси кор, олон улсын байгууллага, аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран “Ахмадын өдрийн үйлчилгээ” төсөл хэрэгжиж байгаа. Цүнхэгийн амралтанд ээлжиндээ 30 хүний ортой ахмадын “Алтан үе” сувилалыг 2017 онд ашиглатанд оруулсан нь хязгаар нутгийн ахмадуудад хямд зардлаар сувилуулах боломжийг бүрдүүлсэн байгаа. Мөн манай Ахмадын хороо дэргэдээ Ойрад уртын дууны холбоог байгуулж дунд, залуу үеийхэнтэй багш шавийн холбоо тогтоон уртын дуу зааж сургах, уртын дууны өв санг бүрдүүлэх, улмаар нотжуулах зорилт тавин ажиллаж байна. Ойрад уртын дууны холбоо нь сум бүрт салбар байгуулж, 120 гаруй гишүүнээр эгнээгээ өргөтгөөд байгаа тухайгаа Увс аймгийн Ахмадын хорооноос мэдээллээ.
“Гэрийн сайн багш, гарын сайн шавь” хөдөлгөөн өрнүүлжээ
Говь-Алтай аймгийн нийт 5074 гаруй ахмадуудын 40 гаруй хувь нь жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг байна. Үүний 1472 нь мал аж ахуйн салбарт, газар тариалангийн үйлдвэрлэлд 50 гаруй ахмадууд ажиллаж байгаа ажээ.
Говь-Алтай аймгийн Ахмадын хорооноос аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран ахмад настныг асрах, сувилах, эмчлэх, архаг хууч өвчтэй ахмадыг эмчийн хяналтанд байнга байлгах зорилгоор Ахмадын тасаг нээн ажиллуулж ахмад настныг хариуцсан эмчтэй болгосон байна. Мөн Ахмад настнуудын мэргэжлийн ур чадварыг залуучуудад өвлүүлэх зорилгоор аймгийнхаа сумдад “Гэрийн сайн багш, гарын сайн шавь” хөдөлгөөнийг өрнүүүлжээ. Энэ үеэр Монголын уламжлалт зан үйл, ёс заншлыг өсвөр үеийнхэнд эзэмшүүлэх чиглэлээр сум, аймгийн төвийн сургуулиудын дэргэд 9 төрлийн дугуйлан байгуулж ахмадууд сайн дураараа багшилж байна. Цаашид 2019 онд аймгийн Ахмадын ордон байгуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гурван сумын Ахмадын хороог өөрийн байртай болгосон тухайгаа Говь-Алтай аймгийн Ахмадын хорооноос чуулганы үеэр сонирхуулав.
Б.Мягмарсүрэн