Т.Алтансүх: Стандартын дагуу хашаагаа барьсан өрхүүдэд газрын гэрчилгээг нь олгож байгаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Халиун сум нь аймагтаа анхлан “Хашаажуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй юм. Энэхүү хөтөлбөрийг тус сумын удирдлагууд түүх 60 жилийн ойгоо угтан ард иргэдтэйгээ хамтран хэрэжүүлж байгаа ажээ. Хөтөлбөрийн тухай сумын Засаг дарга Т.Алтансүхээс тодруулж дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.
-Говь-Алтай аймгийн Халиун сум аймагтаа анхлан “Хашаажуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа тухай сонслоо. Энэхүү хөтөлбөрийнхөө тухай товч танилцуулбал?
-Миний тухайд Халиун сумын Засаг даргаар 2016 онд томилогдсон. Залуу хүний хувьд үүрэгт ажлаа хүлээж аваад л төрөлх нутгийнхаа бүтээн байгуулалтад тодорхой дэвшил авчирхуйц бүтээлч ажил өрнүүлэхийг эрмэлзэж баг хамт олонтойгоо бодлого төлөвлөгөөгөө боловсруулсан. Түүнчлэн 2019 онд Халиун сумын маань түүхт 60 жилийн ой тохиох учир сум орон нутгийн өнгө үзэмжийг сайжруулах эхний алхам болгож “Хашаажуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Сум хөгжүүлэх сангийн мөнгийг нүдэнд үзэгдэж гарт баригдах зөв зүйлд хөрөнгө оруулах зорилгоор иргэдтэй гэрээ байгуулан энэхүү хөтөлбөрт зарцуулж байгаа юм. Ер нь Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө ихэвчлэн малжуулах хэлбэрээр олгогдон зээлд хамрагдагсдын өдөр тутмын урсгал зардал, машин тэрэг, хүүхдийн сургалтын төлбөр гэх мэт ажилд зарцуулагддаг жишиг тогтоод байсан. Энэхүү жишгийг бид өөрчлөн чанартай бодитой зүйлд зарцуулж байгаа нь онцлог давуу талтай юм.
-Сум хөгжүүлэх сангийг хөрөнгөөр өрхүүдээ хашаатай болгож байгаа гэлээ. Энэ нь зээл хэлбэрээр үү, эсвэл буцалтгүй тусламж юмуу?
-Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг өөрийн гэсэн хашаатай болох хүсэлтэй өрхөд богино хугацаатай зээл хэлбэрээр олгож байна. Гэхдээ бид тэдэнд бэлэн мөнгийг нь өгөлгүй хашаанд нь хэрэгтэй банзыг нь тоо ширхгийн дагуу Завхан аймгийн модны худалдаачдаас газар дээрх үнээр нь нийлүүлж байгаа. Нэг өрхөд дунджаар 1.700.000 орчим төгрөгийн зээлийг 1,8 жилийн хугацаанд өөрсдийн боломжтой үедээ хуваан эргүүлэн төлөх юм. Мэдээж Сум хөгжүүлэх сангийн зээлийн журамд заасны дагуу 0,3 хувийн хүүг нэмэн тооцож эргүүлэн төлөх учиртай.

-Одоогоор хэчнээн өрх хөтөлбөрт хамрагдаад байна вэ?
-Манай сум нийт 750 өрхтэй, үүний 150 гаруй өрх нь сумын төвд амьдардаг. Хөтөлбөрт Халиун сумын өрхүүд маань идэвх санаачилгатай хамрагдаж одоогоор 50 гаруй өрх өөрийн гэсэн хашаатай болохоор хүсэлтээ ирүүлсэн. Одоогоор долоон гудамж шинээр үүсч хөтөлбөр 70 хувьтай хэрэгжиж байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ сумын ИТХ, Засаг даргын зөвлөлийн хамтарсан хурлаар жишиг гудамжийг бий болгохыг зорьсон. Үүний дагуу хөтөлбөрт хамрагдсан өрхүүд маань хашааны хэмжээ, хаалга, хээ хуар бүгд ижил нэг стандарт мөрдөн жишиг гудамжтай болж байна. Ийнхүү стандартын дагуу хашаагаа хатгасан өрхүүдэд газрын гэрчилгээг нь олгож байгаа гэх мэт онцлогтой хөтөлбөр хэрэгжүүлж байгаадаа сумын удирдлагууд болон иргэд ч сэтгэл хангалуун байгаа. Мөн өрхүүд шинэ хашаатай болохоос гадна хашаа нь хуучирч муудсан өрхүүд ч 500-800 мянган төгрөгийн зээл авч хашаагаа засч сэлбэж байгааг дурдах нь зүйтэй болов уу.


-Нэгэнт ярилцаж буйнх цаг үеийн асуудал болох өвөлжилтийн бэлтгэл байдлын талаар асуулгүй өнгөрч болохгүй байх. Халиун сумынхан өвөлжилтийн бэлтгэлээ хэр базааж байна. Явцын мэдээллээр энэ удаагийн ярилцлагаа өндөрлөе?
-Сайхан, сайхан намаржиж байна уу. Манай сумын тухайд өвөлжилтийн бэлтгэлээ эртнээс хангаж эхэлсэн. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ зун хур бороо, өвс ногоо элбэгтэй, мал сүрэг маань тарга тэвээргэ авсан налгар сайхан намар болж байна. Гэсэн ч бид аймгийн удирдлагуудаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу шат шатандаа өвөлжилтийн бэлтгэлээ чамгүй базааж өвс тэжээлээ нөөцөлж эхлээд байна. Манай сум хадлагийн бүс нутагтай учир бусад сумаас ихээхэн давуу талтай байдаг. Нутгийнхаа Олонбулаг баг болон Шарга, Чандмань сумдаас өвсний нөөцөө бүрдүүлж байгаа. Одоогоор өвөлжилтийн бэлтгэл байдал 40 гаруй хувьтай явагдаж байна. Бид аравдугаар сарын 10-ны өдөр гэхэд бэлтгэлээ бүрэн хангаж дуусгана.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа, та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.
Э.Нарангэрэл