“Боруссия” баг Баварийн хөлбөмбөгчдийг талбайд нь хожлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-03-31 17:30:43

БЕРЛИН, 2024 оны гуравдугаар сарын 31 /ТАСС/.  Германы хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 27 дахь тойрогт Дортмундын “Боруссия” баг Мюнхений “Бавария”-г талбайд нь 2:0 харьцаагаар хожлоо.

 

Мюнхен хотын “Альянц-Арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод Карим Адейеми /10 дахь минут/, Юлиан Рюэрсон /83/ нар гоол оруулжээ. 89 дэх минутанд талбайн эзэн багийн Харри Кейн гоол оруулсон боловч отон тоглолт байсан учраас бөмбөгийг тооцоогүй байна. Дортмундчууд 2013 оноос 11 дүгээр сараас хойш талбайн эзэн багийг анх удаа хожсон нь энэ юм.

 

Тоглолтын үеэр террористууд халдлага үйлдэж болзошгүй гэх мэдээлэл ирсэн тул аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгаж, ердийн үед 300-500 цагдаагийн ажилтан хамгаалалтад гардаг байсныг нэмэгдүүлжээ. Үүний шалтгаан нь, баасан гаргийн орой Х нийгмийн сүлжээнд цэнгэлдэх хүрээлэн ба үзэгчдийн гэрэл зургийг нийтэлсэн явдал юм. Энэ нь “Лалын улс” бүлэглэлийн гишүүдийн хийсэн үйлдэл байж болзошгүй гэж үзсэн учраас Мюнхений мөрдөгчид гэрэл зургийг сайтар судалсан бөгөөд тодорхой аюул занал алга гэж үзжээ. Гэсэн хэдий ч “Альянц-Арена” цэнгэлдэх хүрээлэнд ажиллах хууль сахиулагчдын тоог нэмэгдүүлсэн байна.

Одоогийн байдлаар, “Бавария” баг 60 оноотойгоор тэмцээний хүснэгтийн хоёрдугаарт бичигдэж, Бундеслигийн тэмцээн дуусахад 7 тойрог үлдээд байгаа энэ үед тэмцээнийг тэргүүлж буй “Байер” багаас 13 оноогоор хоцорч байна. Харин “Боруссия” баг 53 оноотойгоор 4 дүгээрт жагсчээ.

 

Баваричууд сүүлийн 11 улирал дараалан Германы аваргаар шалгараад байгаа юм. Харин “Боруссия” баг 2018/2019 улирлаас хойш анх удаагаа “Бавария”-г хожлоо. 4 дүгээр сарын 6-нд болох дараагийн тойргийн тоглолтуудад Дортмундын баг “Штутгарт”-тай, Мюнхений баг “Хайденхайм”-тай тус тус учраа таарчээ.   

Холбоотой мэдээ