СЭЛЭНГЭ: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-02-16 13:36:06

Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Цагааннуур, Орхон, Орхонтуул сумын нутгаар өнөөдөр цасан шуурга шуурна.


Энэ сарын 16-17-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, цаашдаа нийт нутгаар хүйтэрнэ.


2 дугаар сарын 15-ны 20.00 цагаас 16-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр нийт нутгаар үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нийт нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Агаарын температур шөнөдөө -18-23 градус, өдөртөө -7-12 градус хүйтэн байна.


Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Агаарын температур шөнөдөө -17-19 градус, өдөртөө -9-11 градус хүйтэн байна.


2 дугаар сарын 17-21-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 17-нд ихэнх сумын нутгаар бага зэргийн цас орж шуурна.


Бусад хугацаанд цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр байна. Агаарын температур шөнөдөө -28-33 градус, өдөртөө -19-24 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтэрнэ.

Холбоотой мэдээ