ДОРНОД: Мэнэнгийн талд 40-50 мянган толгой мал өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-02-09 07:48:24

Чойбалсан, 2024 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Мэнэнгийн талд Сүхбаатар аймгийн зарим сум, Дорнод аймгийн дөрвөн сумын шуурганд уруудсан 40-50 мянган толгой мал өвөлжиж байна.


Аймгийн Цагдаагийн газраас 11 дүгээр сараас эхлэн “Алдуул мал” арга хэмжээг явуулж, малыг бүртгэлжүүлэх, цахимаар мэдээлэл солилцуулах ажлыг зохион байгуулж байгаа юм. Цаашид алдуул малаа нутаг руугаа тээвэрлэх, тууварлах иргэд бусдын малыг санамсар болгоомжгүйгээр нийлүүлж авч явах зэргээр гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл хийхээс болгоомжлохыг анхааруулууллаа.


Энэ сард болон дөрөвдүгээр сард ОЖД-аас ахиу хур тунадас орж, хүйтэн байна гэж УЦУОШТ-аас мэдээллээ. 10 дугаар сарын 30-наас эхлэн Дорнод аймгийн нийт нутгаар ахиу хэмжээний цас орсоор байна. Тухайлбал, Халх голын сав нутгаар 34-36 удаагийн цас орж, Мэнэнгийн тал орчимд 16-19 см зузаан цасан бүрхүүл тогтжээ. Харин ирэх сард агаарын температур, хур тунадас олон жилийн дунджийн орчим байна гэлээ. 

Холбоотой мэдээ