COP28: “Алдагдал хохирлын сан”-гийн анхны хуримтлал бүрдлээ

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2023-12-12 11:33:38

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Сүүлийн хоёр долоо хоногийн туршид уур амьсгалын өөрчлөлтийн тухай асуудал дэлхий дахины анхаарлын төвд байлаа.


Дубай хотод 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 12 хүртэл үргэлжилсэн COP28 бага хуралд 140 орчим улсын төр, засгийн тэргүүн нар, тэдний дотор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, түүнчлэн эрдэмтэд, байгаль орчны шинжээчид, бизнес салбарынхан, иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчид зэрэг 70 мянга гаруй хүн оролцсон байна.


Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурлын (COP28) үеэр Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, түүний дотор хүлэмжийн хийн ялгарлыг 2050 он гэхэд тэглэх, дэлхийн дулаарлыг 1,5 хэмд тогтоон барихад чиглэсэн үүрэг амлалтуудаа биелүүлэх, талуудын  оролцоог нэмэгдүүлэх тухай асуудлуудыг хэлэлцлээ.


Харин уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж буй нүүрсхүчлийн хийг агаар мандалд хамгийн ихээр ялгаруулдаг АНУ ба БНХАУ-ын удирдагчид Дубайд ирсэнгүй, уур амьсгалын асуудал эрхэлсэн тусгай элчүүдээ илгээв.


Нөгөөтэйгүүр, газрын тосны хамгийн том экспортлогчдын нэг болох АНЭУ энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа нь “ашиг сонирхлын зөрчил мөн” хэмээн байгаль хамгаалагчид үзсэн нь олон нийтийн дунд багагүй маргаан үүсгэлээ. Учир нь, COP-ын хэлэлцэх гол асуудлуудын нэг бол ашигт малтмалын олборлолт ба хэрэглээг бууруулах явдал билээ.


Харин уулзалтын эхний өдөр зохион байгуулагч АНЭУ дорвитой санаачилга гаргаж, Ерөнхийлөгч шейх Мухаммед Бин Заид дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд “ALTÉRRA” гэдэг нэртэй 30 тэрбум долларын сан байгуулснаа зарлаж, 2030 он гэхэд уг сан 250 тэрбум долларын хөрөнгөтэй болж өргөжинө гэсэн нь СОP28-д оролцогчдын талархлыг хүлээлээ.


Мөн бага хурлын эхний өдөр Европын Холбоо, Их Британи, АНУ болон бусад хөгжингүй орнуудын зүгээс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөж буй ядуу буурай орнуудад туслах зорилгоор 420 сая долларын анхны хуримтлал бүхий “Алдагдал хохирлын сан” /Loss and damage fund/ байгуулснаа зарласан нь мөн л гэнэтийн шийдвэр байлаа. Дээрх мөнгөнөөс 100 саяыг нь зохион байгуулагч орон болох АНЭУ, Герман улс мөн 100 саяыг, Франц, Итали хоёр нийлээд 100 саяыг, 40 саяыг нь Их Британи, Япон улс 10 сая доллар, АНУ 17 сая доллар гэх мэтчилэн хандивлахаар болжээ. Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг буурай орнуудад зориулан хөрөнгө мөнгө босгох саналыг 1990-ээд оны үед анх дэвшүүлж байснаас хойш 30 жилийн дараа COP28-ын үеэр ийнхүү эхний бодитой шийдвэр гарсныг танхимд хуран цугласан төлөөлөгчид суудлаасаа босож, алга ташин хүлээн авлаа.


Түүнээс гадна, АНУ, АНЭУ хоёр уур амьсгалын өөрчлөлтөд хөдөө аж ахуйн салбарын дасан зохицох чадварыг сайжруулах хөтөлбөрт зориулж 9 тэрбум доллар хандивлаж байгаагаа зарласан бөгөөд ингэснээр хоёр жилийн өмнө хэрэгжиж эхэлсэн тус хөтөлбөрийн санхүүжилт 17 тэрбум долларт хүрэв.


“Алдагдал хохирлын сан”-г байгуулах адармаатай зам

2009 онд Копенгагенд болсон ээлжит СОP-ын үеэр баян чинээлэг орнууд “уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нь дэмжлэг болгон хөгжиж буй улсуудад  жил бүр олгох мөнгөний хэмжээг 100 тэрбум долларт хүргэж нэмэгдүүлнэ” гэж амласан боловч уг амлалт өнөөг хүртэл хэрэгжээгүй билээ.


Харин хоёр жилийн өмнө Их Британийн Глазгоу хотод болсон COP26 хурлын явцад “Алдагдал хохирлын сан” байгуулах асуудлаар зарчмын тохиролцоонд хүрч, улмаар Египетийн Шарм-эль-Шейх хотод болсон COP27-гийн үеэр уг фондыг байгуулах тухай тогтоол гаргажээ. Үүний дагуу хөгжиж буй 14 улс ба өндөр хөгжилтэй 10 орны төлөөлөгчдийг багтаасан “Шилжилтийн хороо” гэдгийг байгуулсан бөгөөд түүний гол үүрэг нь хэн хандив өргөх вэ, хандивласан мөнгийг хаана байршуулах вэ гэдгийг тодорхой болгох явдал байлаа.

Санг байгуулах асуудал багагүй бэрхшээлтэй тулгарч байж шийдэгдсэн юм. Төлөөлөгчид 2023 онд нийтдээ 5 удаа хуралдсан бөгөөд эхний 4 хуралдааны явцад нэгдсэн шийдвэрт хүрч чадсангүй. Харин 11 дүгээр сарын эхээр болсон тавдахь удаагийн  хурлаар гэрээний нооргийг бэлэн болгожээ.


Хөгжиж буй орнуудын хувьд, сангийн хөрөнгийг Дэлхийн банкинд байршуулахаас цааргалж байсан бөгөөд удтал хэлэлцсэний эцэст 4 жилийн хугацаанд түр  байршуулахыг зөвшөөрчээ. Цааргалсны учир нь, Дэлхийн банкинд АНУ болон донор орнуудын нөлөө их,  хүнд суртал, зардал чирэгдэл ихтэй, мөн тус банк уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд оролцдоггүй гэх шалтгаанууд байжээ.  Жишээ нь, санд 100 тэрбум доллар хуримтлагдлаа гэхэд 1,5 тэрбум нь шимтгэл хураамж хэлбэрээр тус банкинд үлдэх гэнэ.


Цаашдаа санд хуримтлагдах хөрөнгө нь хөгжингүй орнуудын улсын төсвийн хөрөнгө, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл зэрэг олон төрлийн эх үүсвэрээс бүрдэнэ. Мөн олон улсын нислэгүүдэд ногдуулах “нүүрстөрөгчийн татвар” гэдгийг шинээр бий болгоё гэсэн “инновацлаг” санал ч гарчээ.


Түүнчлэн Хятад, Саудын Араб гэх мэт хөгжиж буй чинээлэг улсууд ч мөн адил “Алдагдал хохирлын санд” хандив өргөх ёстой гэсэн шаардлагыг хөгжингүй орнууд тавьж байв. Харин эцэстээ “хөгжингүй болон хөгжиж буй чинээлэг орнуудын хувьд тус санд заавал хөрөнгө хандивлах албагүй” гэсэн шийдэлд хүрчээ. АНУ-ын зүгээс “сайн дурын үндсэн дээр” гэдэг үгийг сангийн дүрэмд оруулахыг санал болгосон байна. Мөн “нөхөн төлбөр” гэдэг үгнээс хөгжингүй орнууд жийрхэж, түүнийг албан ёсны баримт бичгүүдэд тусгахыг хүсэхгүй байгаа юм.


Өнөөдөр өндөрлөж буй СОP28 бага хурлын дүнгийн баримт бичгүүд ойрын өдрүүдэд олон нийтийн хүртээл болсноор тус сангийн хөрөнгө мөнгө цаашдаа хэрхэн нөхөгдөж арвижих вэ гэдэг нь тодорхой болно. Тус санд оруулж буй анхны хуримтлал болох 400 сая доллар гэдэг бол уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг арилгахын тулд хөгжиж буй орнуудын зарцуулж буй мөнгөний дөнгөж 0,2 хувьтай тэнцэнэ, нөгөөтэйгүүр, санд хуримтлагдах мөнгийг эмзэг улс орнууд хэзээ бодитойгоор хүртэх вэ гэдэг огт тодорхойгүй байна.

Пакистанд болсон үер 

Зарим тооцооллоор, тус сангийн төсөв нь жилд дор хаяж 100 тэрбум доллар байх ёстой бөгөөд энэ нь дэлхий даяар үзүүлж буй тусламжийн хөтөлбөрүүдийн төсвийн 50 орчим хувьтай тэнцэж байна. Өөр нэгэн судалгаагаар, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учирсан алдагдал хохирлын хэмжээ жилд 400 тэрбум доллароос давж байгаа ажээ. Энэ нь хөгжиж буй бүх улсын нэг жилийн ДНБ-ийг нийлүүлсний бараг 1%-тай тэнцэж байгаа юм. Ганцхан жишээ дурдахад, 2022 онд болсон үерийн улмаас Пакистаны эдийн засагт 30 тэрбум долларын хохирол учирчээ.


Лондоны Эдийн засгийн сургуулийн судлаачдын хийсэн тооцоогоор, 2030 он гэхэд хөгжиж буй орнуудад учрах хохирлын хэмжээ жилд 580 тэрбум долларт хүрнэ гэсэн сэрдхийлгэм тоо ч сонсогдож байна.


Монголд таатай мэдээ


Ямартаа ч “Алдагдал хохирлын сан”-гийн суурь тавигдсан нь хөгжиж буй Монгол Улсад нэн хамаатай асуудал юм. Учир нь, манай улс газар зүйн байршил, эх газрын эрс тэс уур амьсгал зэргээс үүдэн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж буй 10 орны нэг болоод байна. Тодруулбал, дэлхий даяар жилд ялгарч буй нийт хүлэмжийн хийн ердөө 0.1 хувь буюу 1000 хуваасны 1-ийг нь Монгол Улс “үйлдвэрлэдэг”, гэтэл уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр газар нутгийн маань 76,8 хувь нь дунд болон хүчтэй  цөлжилтөд өртжээ. Манай улсад сүүлийн 80 жилийн хугацаанд агаарын дундаж температур дэлхийн дунджаас даруй хоёр дахин (2.25°С-ээр) нэмэгдсэн бол зөвхөн 2009-2019 оны хооронд гэхэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр манай улс 1.6 их наяд төгрөгийн эдийн засгийн шууд хохирол амссан байна.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  COP28-ын дээд түвшний хуралдаанд оролцож үг хэлэхдээ “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд олон улсын зах зээлээс алслагдмал, гадаад худалдааны өртөг өндөр, транзит улс орнуудаас хамаарал ихтэй зэрэг олон сорилттой тулгарч байдгийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж байна. Иймээс эдгээр эмзэг, өртөмтгий улс орнуудад тусламж үзүүлэх зорилго бүхий “Алдагдал хохирлын сан”-гийн үйл ажиллагааг эхлүүлэх нь чухал дэмжлэг болно” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Холбоотой мэдээ