Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны түүхэн гавьяа

ТОЙМ
uranatuya@gmail.com
2023-11-26 10:05:36

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Улсаа тунхагласны 99 жилийн ой өнөөдөр тохиож байна. 


Манай улс Хаант ёсыг халж, хорьдугаар зууны хүн төрөлхтний улс төрийн дэвшилтэт хэлбэр болох Бүгд Найрамдах байгуулалд шилжин орсон Ази тивийн анхны улсын нэг болсон түүхэн өдөр бол өнөөдөр.


Хоёр мянга гаруй жил үргэлжилсэн хаант засаглалын хэлбэрийг өөрчлөн тогтоох, хүн ардынхаа эрх ашгийг хамгаалах анхны Үндсэн хуультай болох үйл явц амар байгаагүй ч Монгол төрийн түүхэн зүтгэлтнүүд ардын хурлын хэлбэртэй Бүгд найрамдах байгуулал тогтоож, түүнд нийцсэн Үндсэн хуулиа 1924 онд баталж чадсан юм. Дэлхийн улс орнуудын тусгаар улс гэгдэж байгаагийн гол үндэс нь өөрийн гэсэн Үндсэн хуультай байх явдал юм гэдгийг монголчууд үүнээс ч өмнө 1910-аад онд олж харсан байдаг. Монгол төрийн зүтгэлтнүүд Манжийн ноёрхлоос ангижирмагцаа улсынхаа тусгаар байдлыг  бүрэн дүүрэн олж авахыг эрмэлзэж, Үндсэн хуультай болохын төлөөх үйл явцуудыг идэвхтэй өрнүүлж эхэлсэн хэмээн түүхчид тэмдэглэсэн байдаг.


Үндсэн хуулийн төслийн хамгийн анхных нь Богд Хаант Монгол Улсын Ерөнхий сайд асан Т.Намнансүрэнгийн даалгавраар 1914 онд хийгдэж, үүний зэрэгцээ Үндсэн хуультай болж чадсан улс орнуудын хуулийг орчуулж, судлах гэх мэтээр үндсэн хуульт тусгаар улс болох бэлтгэл 1924 оныг хүртэл тасралтгүй хийгджээ. Анхны Үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулах шийдвэрийг 1922 оны тавдугаар сарын 19-нд Монгол Ардын Намын Төв Хороо, Ардын Засгийн газар хуралдаж гаргасан байна. Үндсэн хуультай байхын чухлыг уг шийдвэрт онцгойлон зааж, үндсэн хууль боловсруулах комисс гарган гишүүдийг томилох, урьд өмнө нь бэлтгэж байсан хуулиас авах зүйлсийг нь авч, мөнхүү гадаад улсын, тэр дундаа европын улсуудын хууль дүрмийн авууштайг нь тусган боловсруулах нь зүйтэйг тэмдэглэжээ.


1922 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Ардын Засгийн газрын 39 дүгээр хурлын тогтоолд: “Үндсэн хуулийг ардын эрхт хэмжээт цаазат Англи мэт улсын хуулиас товчлон авч, эдүгээгийн явуулан буй засгийн байдалд нийцүүлэн зохиовол зохино" хэмээн заасан байдаг.


Үндсэн хуулийн төсөл боловсруулах тусгай комиссыг Шүүх яамны сайд Н.Магсаржав хурцаар ахлуулан Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн түшмэл Ж.Цэвээн, Бат-Очир нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан боловч тэдний боловсруулж байгаа хуулийн төсөл нь хөрөнгөтөн улсын хуулийн хуулж байна хэмээн комиссыг 1922 оны 12 дугаар сард татан буулгажээ. Зөвлөлт Орос Улс, Англи, АНУ, Япон, Бельги зэрэг улс орнуудын Үндсэн хуулиудыг орчуулж, судалж байсан нь ийнхүү сэрдэхэд хүргэжээ.


Үүний дараа 1924 оны тавдугаар сард ЗХУ-ын хууль цаазны мэргэжилтэн П.В.Всесвятскийг урьж ирүүлэн хууль боловсруулахад оролцуулсан бөгөөд тухайн оны 9 дүгээр сарын 23-нд Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комисс байгуулж ажлыг шуурхайлсан байна. Үүнээс хоёрхон сарын дараа буюу 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр анхдугаар Үндсэн хууль батлагдсан юм.


Монголчууд Үндсэн хуулиа ийнхүү яаравчлан баталсны цаад учрыг  Түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар, “Хятад, ЗХУ-ын хооронд Монголын талын олон удаагийн хүсэлт шаардлагыг үл хэрэгсэж, 1924 оны тавдугаар сарын 31-нд байгуулсан ЗСБНХУ, Бүгд Найрамдах Хятад улсын хоорондын асуудлыг зохицуулах ерөнхий зарчмын тухай хэлэлцээрийн тавдугаар зүйлд, ЗСБНХУ нь Гадаад Монголыг Бүгд Найрамдах Хятад улсын бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрч Хятадын бүрэн эрхийг хүндэтгэнэ гэж заасан. Үүнийг эсэргүүцэн манай зүгээс хийсэн улс төрийн нэг акц бол Үндсэн хууль баталсан явдал гэж хэлж болно. Энэ үйл явдал бол бид тусгаар улс гэдгээ хөрш орнуудын тулгалт шахалтыг эс хайхран олон улсад мэдэгдсэн хэрэг болсон. БНМАУ-ыг тунхагласны үнэ цэн нь энд оршино. Үүгээрээ монголчууд үндэсний аюулгүй байдлаа хангаж чадсан” гэсэн байна.


1921-1924 оны хооронд засаглалын хэлбэр, төрийн байгууламжийн талаарх үзэл хандлагын зөрөлдөөн Монголын улс төрд хүчтэй өрнөж байсныг түүхчид өгүүлдэг. Өөрөөр хэлбэл, 1921 оны хувьсгалын дараа Үндсэн хуульт Хаант засаг, парламентын засаглалт Бүгд найрамдах улс, Ардын төлөөлөгчдийн хэлбэртэй Зөвлөлт маягийн Бүгд найрамдах улс гэсэн гурван өөр үндсэн үзэл бодол бий болж, түүнийг тойрсон маргаан мэтгэлцээн, талцал зөрөлдөөн өрнөсөн гэж үзэж болох юм,


Мөн 1921 оны хувьсгал нь ядуу, дунд давхаргын эрх ашгийг хамгаалж, хуучин цагийн ноёлох хэсгийн эрх мэдлийг халах зорилготой байсан нь  анхдугаар Үндсэн хуулийн агуулга, үзэл санаанд  нөлөөлсөн тал бийг ч түүх харуулдаг. Тухайлбал, өмч хөрөнгөтэй байх эрхийг хязгаарласан заалт зэрэг нь нийгмийг талцуулахад хүргэж байсан. Гэсэн хэдий ч Монгол төрийн зүтгэлтнүүд улс орныхоо ирээдүйг аль зүгт хандуулахаа ихэд нухацтай, машид болгоомжтой шийдсэний дүнд өөрийн оронд байж болох хамгийн тохиромжтой засаглал, төрийн байгууламжийн хэлбэрийг олж авсан гэж үзэх бүрэн боломжтой. 1911, 1921 оны үндэсний хувьсгал ба түүний ялалтын хүч нөлөө Үндсэн хуулиа батлан тунхаглаж, Засгийн эрхийг ард түмэнд өгч, үндэсний тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх түүхэн шийдвэрт тус үзүүлсэн ч хэмээдэг.  


Монгол Улс Үндсэн хуультай болсноор угсаа залгамжилдаг Хаант засгаа сольж, ард иргэд нь төр засгаа сонгуулийн зарчмаар эмхлэн байгуулдаг шинэ тогтолцоонд шилжсэн төдийгүй маш ардчилсан үзэл санаа бүхий хуулийн заалтуудыг гаргасан байдаг. Тухайлбал, хамжлагат ёсыг халж, газрын бүх баялаг ард түмний өмч болохыг зарлаж, иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулан, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрхтэйг хуульчилсан. Мөн энэхүү Анхдугаар үндсэн хуулиараа орчин үеийн парламентын засаглалын эх суурийг тавьсан билээ.


Монгол Улсын анхны Үндсэн хууль нь 6 бүлэг, 50 зүйлтэй. Анхдугаар Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд: “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Ард Улс гэж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал, тус хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” хэмээн заасан байдаг юм. Анхдугаар Үндсэн хуулийн эх бичгийн сүүлийн хуудаст “Монгол Улсын 14 дүгээр оны 10 сарын 30 бөгөөд аргын улирлын 11 сарын 26-ны өдрийн үдийн хойт 4 цаг 17 минутад энэхүү Үндсэн хуулийг Улсын анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд батлав. Хурлын дарга Жадамба, дэд дарга Бадрах, нарийн бичгийн дарга Гэлэгсэнгэ, Дугаржанцан” хэмээжээ.


Ийнхүү монголчууд Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах засаглалаа тунхаглан зарласан явдал нь цагийн шалгуурыг даван туулж, улсаа тусгаар хэвээр авч үлдэж чадсан өнөөдрийн бахархлын үндэс мөн билээ.

Холбоотой мэдээ