Б.Анар: Наадам гэдэг монголын ард түмний энергийн төвлөрөл юм

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-07-10 21:15:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын найруулагчаар ажиллаж буй “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анартай ярилцлаа.


-Наадам маргааш эхэллээ. Баяр наадмын бэлтгэл ажил бүрэн хангагдсан биз дээ?

-Наадмын бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна. Төрт ёсны үндэсний их баяр наадам маань бэлгэдлийн чанартай. Үүнд тохируулж тааруулж хийнэ гэдэг урт хугацааны ажил байдгийг хүмүүс ойлгоосой гэж хүсэж байна. Мөн маш сайн сурталчлах хэрэгтэй юм байна. Хүмүүс наадмын нээлтийг зурагтаар үзээд, яагаад энэхүү зан үйлийг хийдгийг төдийлөн ойлгодоггүй байж магад. Наадам эхлэхэд төрийн гал бадраадаг. Монгол Улсын төрийн гал хэзээ ч унтраагүй, унтрах ч ёсгүй. Тиймээс наадмаар төрийн гал бадраадаг уламжлал, утга зүйг нь ойлгох ёстой юм болов уу.


-Та энэ жил анх удаа Үндэсний их баяр наадмын найруулагчаар ажиллаж байна. Залуу найруулагч наадмын нээлт, хаалтыг хэрхэн найруулах бол гэсэн хүлээлт наадамчин олны дунд байна?

-Хүлээлт их байх шиг байна. Наадамчид маань мэдээж шинэ юм үзэх, сонирхох хүсэл их байгаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 12 мянга 500 гаруй үзэгч болон 3 сая гаруй иргэндээ зориулан давхар контент бэлтгэлээ. Шууд дамжуулалтаар үзэхэд сонирхолтой байх. Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө наадамлан, зурагтын өмнө нэг цаг 30 минут сууж үзэхэд тохиромжтой хөтөлбөр болсон болов уу.


-Үндэсний баяр наадмын агуулга ямар байх бол. Наадмын нээлтээр дамжуулан монголчуудад юуг хүргэхийг зорьж байна вэ?

-Энэ жилийн наадмын агуулга гэвэл “Эв нэгдлийн тусгаар Монгол” буюу “Эвийн хүчээр тусгаар Монгол мөнхөд оршино” гэсэн утгыг илэрхийлж буй юм. Нөгөөтээгүүр, бидний шийдэл, хийц бол мета домог зүй. Мета домог зүй гэдэг нь цаг хугацаагаар биш, орон зайгаар аялна гэсэн үг.

Баяр наадмын нээлт Эв мөнхийн дуулал, Их хөлгөн туульс, Их Монголын заяан цаг, Гурван цагийн нүүдэл, Алтан тэвшийн хөг аялгуу, Дэлхийн Монгол гэсэн зургаан бүлэгтэй.

Эв мөнхийн дуулал бүлэгт эвийн хүч хэмээх агуулга багтана. Монгол Улсад өдгөө Төрийн тахилгат 12 хайрханыг тахиж байна. Тиймээс бид шинэ магтаал зохиосон. Туульс хайлахын тулд магтаал хэрэгтэй. МУГЗ, Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж 2 хүүгийн хамт төрийн хан хуураар 12 хайрханыг магтсанаар наадам эхэлнэ.

Их хөлгөн туульс бүлэгт Чингис хааныг дахин төрөхийг эрхшээж хүүхэд төрүүлж буй хатнаар монгол баатрын үр удам битгий тасраасай, дахин агуу баатрыг төрүүлээсэй хэмээн бэлгэшээж буй юм.

Их Монголын заяан цаг бүлэгт Тэмүүжинг хаан ширээнд залахад Их Монголын заяан цаг ирнэ гэж хурайлж байжээ. Энэ нь Монгол Улсад сайхан цаг ирлээ гэж буй юм. Энэхүү бүлэгт ЮНЕСКО-д бүртгэлтэй “Уяхан замбуутивийн наран” дуу эгшиглэнэ. Дэлхийд ганцхан монгол наадам өдөр, наран дор болдог ганц баяр учраас эрийн гурван наадмын үнэ цэн, мөн чанарыг харуулсан үзүүлбэр, дуу хуур эгшиглэнэ.

Гурван цагийн нүүдэл бүлэгт Манжийн дарлал, Эзэн Богдыг залсан, Ардын хувьсгал ялсан хэмээх гурван цагийн хэлхээсээр тусгаар тогтнолоо олж авсныг харуулна.

Алтан тэвшийн хөг аялгуу бүлэгт Улаанбаатар хэмээх алтан тэвшийн хөндийд үүссэн орчин цагийн хөгжмийн хөгжлийг цаг хугацаагаар харуулна.

Дэлхийн Монгол бүлэгтWelcome to Mongolia” буюу “Монголд тавтай морил” агуулга багтана. Их Хөлгөн туульс манай эриний өмнөх, Их Монголын заяан цаг мянганаар, гурван цагийн нүүдэл зуунаар, Алтан тэвшийн хөндий жарнаар, Дэлхийн Монгол бүлэг одоо, ирээдүй цагийг бэлгэдэн бүгд морин хуурын хөг аялгуу татсанаар холбогдож байгаа. Хоёрхон чавхдастай хөгжмөө дээдлэх ёстой, биднийг дэлхийд гаргах үнэт зүйл юм, үеийн үед байсан гэдгийг бүх бүлэгтэйгээ холбон харуулахыг хичээлээ.


-Монголчуудын түүх, нүүдэлчин соёл, эрийн гурван наадам биднийг дэлхийд сурталчилдаг. Энэ жилийн наадмын нээлт, хаалт хэр онцлогтой байх бол?  

-Жил жилийн наадам бүр өөрийн онцлогтой. Тухайн жилийн бэлгэдлийг агуулсан, тухайн найруулагчийн юу хэлэхийг хүссэн гэхчлэн өөр. Сайн, муу наадам гэж байхгүй. Тэгэхээр энэ жилийн наадам бол энэ жилдээ тохирсон бэлгэдэлтэй, утга зохиолдоо таарсан тийм л наадам байх болно. Бидний хувьд наадам гэдэг монгол ард түмний энергийн төвлөрөл юм гэсэн онцлогийг харуулж байгаа. Энэ өдөр, энэ цаг мөчид Монголын ард түмэн бүгд наадамчид болдог. Наадамчид болсноор энэхүү цэнгэлдэх хүрээлэнд, эсвэл зурагтаар дэлхийн хаана ч байсан монголчууд нэг цаг үед наадамладаг. Тэгэхээр энергийн төвлөрөл гэж үзэж хийж байгаа.


-Төв цэнгэлдэх хүрээлэнд дөрвөн хүчтэн, хүлэг морьтой баатар эрс гэхчлэн  бэлгэдлийн зүйлс байрлуулжээ. Энэ бүхнээр хүмүүст юу хүргэхийг хүсэж байна вэ?

-Хангарьд, бар, луу, арслан гээд дөрвөн хүчтэн Монгол Улсыг хамгаалж байдаг гэсэн агуулгаар бэлгэшээж хийсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Чингис хааны эш хөргийг өнгөрсөн жилийн наадмаар залсан. Тэрхүү эш хөргийн доор Чингис хааны хөгшин, залуу хоёр баатрыг бүтээсэн. Тайзын ар хэсэгт Монголын уран зургийн хийц бүхий сүмбэр уулан дээр үүл мэтээр Чингис хааны эш хөрөг заларсан байдлаар, доор нь эр хоёр загалыг байрлуулсан. Энэ жилийн наадамд Чингисийн 9 өрлөгийг оруулж ирж байгаа. Эвийн хүчээр тулгын галаа бадраана, эвтэй бол дэлхийг эзэлнэ хэмээн Чингис хаан 9 өрлөг жанжныг нэг наран дор зангидсанаар агуу ухааныг илтгэж буй юм. Ер нь гурван хүнийг зангидахад л хэцүү байдаг. Тэгвэл 9 том өрлөг жанжныг нэг удирдлага дор зангидна гэдэг бол эвийн хүч юм. Тиймээс энэ жил 9 өрлөгийг залж авчирна.


-Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүнтэй холбоотой жуулчдын сонирхлыг татсан ямар үзүүлбэр бэлтгэв?

-Зохиолыг гаргахдаа л “Welcome to Mongolia” буюу “Монголд тавтай морил” хэмээн Монгол маань алгаа дэлгээд угтах ёстой юм байна гэдэг шийдлийг барьсан.


-Наадмын нээлтийг үзэгчид өөр, өөрийн өнцгөөс харж, хүлээж авдаг. Тиймээс ч нэлээд шүүмжлэл дагуулах нь бий?


-Шүүмж байх ёстой. Түүнийг буруу гэж үздэггүй. Гэхдээ шүүмж дагуулахгүйг хичээж удаан хугацаанд бодож тунгааж хийсэн. Төр төмбөгөр, ёс ёмбогор гэдэг болохоор бид үнэт зүйлээ нэг өдөр өөрчилж болохгүй.


-Наадмын нээлтэд хэчнээн уран бүтээлч оролцох вэ?

-Наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагаанд мэргэжлийн урлагийн байгууллагууд болон чөлөөт уран бүтээлчид, хувийн студи, продакшнуудын хамтарсан 1500 орчим уран бүтээлч оролцож байгаа. Энэ жил хувийн хэвшлийнхэн, залуучууд, хүүхдүүд, өв тээгч гээд бүх насныхныг оролцуулж байна.



Холбоотой мэдээ