Дэлхийн хошой аваргууд “Катар-2022” Дэлхийн аваргын төлөө ням гарагт халз тулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-15 11:28:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тоглолтын сүүлийн тулаан “Al-Bayt” цэнгэлдэхэд өнгөрсөн шөнийн /12.15/ 03.00 цагаас Франц-Мароккогийн шигшээ багийн хооронд өрнөж Франц 2:0-ээр хожиж, Дэлхийн аваргын төлөө Дэлхийн хошой аварга багууд тунаж үлдлээ.


Францын тоглогч Тио Эрнандез тоглолт эхлээд 5 минут болж байх мөчид Мароккогийн хаалганд гоол оруулан дэлхийн хошой аварга баг тэргүүлж эхэлсэн юм. Түүний ах Лукас Эрнандез эхний тоглолтод өвдгөндөө бэртэл авч цааш тоглох боломжгүй болсноор Тио ахынхаа байранд тоглосон юм. Ийнхүү Мароккогийн хаалгач Яссин Бунугийн хаалганд анх удаа эсрэг багийн тоглогч гоол оруулав.


Мароккогийн хамгаалалт, довтолгоо тун сайн байсан бөгөөд Жавад Эль Ямикигийн араараа унаж татсан гайхалтай цохилтыг Уго Льорис хааж багаа аварсан. Энэ чамин цохилтын бөмбөг орсон бол үнэхээр гайхалтай шилдэг гоол болох байв. Харин Францаас Антуан Гризманн довтолгоог зохион байгуулж, хамгаалалтад онцгой сайн тусалж байв.


Марокко довтолгоогоо эрчимжүүлсэн учир Дидье Дешам сэлгээ хийж Маркус Турам, Рандал Коло Муани нарыг оруулснаар Муани талбайд гармагцаа 79 дэх минутад гоол оруулж, тоог 2:0 болгосон бөгөөд түүний гоол ороход Килиан Мбаппе гол үүрэг хүлээж, Мароккогийн хамгаалалтыг сарниулж чадсан юм.


Мароккогийн хамгаалагч Валид Реграги: “Бид энэ өдөр мароккочуудынхаа мөрөөдлийг биелүүлэхийг хүссэн ч чадалгүй гонсойлгов. Гэхдээ энэ амжилтандаа талархаж байна. Үүнээс ч илүүг хийж чадах байсан гэсэн мэдрэмж төрж байв. Бидэнд тоглолтыг өөрчлөх чадамжтай олон тоглогч байлаа. Би өөрийн тоглогчдоороо бахархаж байна. Мароккогийн ард түмэн ч бахархаж байгаа. Бид ард түмэндээ төдийгүй Африк тивд гайхалтай бэлэг барьж чадлаа” гэв.


Харин Францын дасгалжуулагч Дидье Дешам: “Амжилт үзүүлэх бүртээ би үргэлж бахархдаг. Ням гарагт финалд тоглох болсонд баярлаж байна. Бид багийнхаа чанар, туршлага, хүсэл зоригийг харуулж чадлаа. Тамирчдаараа би бахархаж байна” хэмээн онцлов.


Францын довтлогч А.Гризманн: “Марокко намайг гайхшрууллаа. Тэд хамгаалалт болон тактикийн хувьд сайн байлаа. Хоёрдугаар үед тэд олон боломж үүсгэж, бидэнд асуудал тарилаа. Тоглолтын эхэнд гоол оруулсан нь бидэнд давуу байдал үүсгэсэн. Дараагийн гоол бүр тайвшруулсан. Энэ тоглолт тун хүнд тоглолт байлаа” гэв.


Харин тэрбээр Аргентины багийн талаар ярихдаа: “Месситэй баг бүр давуу талтай. Бид энэ багийн тоглолтыг үзсэн. Тэд топ формтой байна. Аргентинд ганц Месси гэлтгүй сайн тамирчид олон бий. Тун хүнд тоглолт болно. Мөн цэнгэлдэхэд тэдэнд олон дэмжигч байх нь ойлгомжтой” гэлээ.


Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ тоглолтыг хүрэлцэн ирж сонирхсон бөгөөд тоглолтын дараа өөрийн багийн тамирчид дээр очиж баяр хүргэсэн байна.


Дэлхийн хошой аварга Аргентин болон Францын шигшээ багуудын аль нь Дэлхийн 3 удаагийн аварга болохыг энэ сарын 18-ны өдөр дэлхий дахин харахаар хүлээж байна. Харин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Хорват-Мароккогийн шигшээ багуудын бас л гайхалтай тоглолт болно.

Холбоотой мэдээ