Чили: Эрчимтэй дархлаажуулалт ба халдварын шинэ давалгаа

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2021-04-19 12:24:17

Өмнөд Америк тивийн Чили улс харьцангуй цөөн хүн амтай, эрүүл мэндийн тогтолцоо нь маш сайн хөгжсөн хэдий ч коронавирусний цар тахалд маш хүндээр нэрвэгджээ. Нийтдээ 1,1 сая гаруй хүн Ковид-19-ийн халдвар авснаас 24 мянга гаруй иргэн нас барсан байна. Хүнд байдлаас нэн даруй гарч, ард иргэдээ хэвийн амьдралд нь эргүүлэн оруулахын тулд Чилийн эрх баригчид зоримог шуурхай арга хэмжээ авч, 2 дугаар сарын 3-наас эхлэн бүх нийтийг дархлаажуулах аяныг өрнүүлсний үр дүнд 3 дугаар сарын эхээр хөл хориог сулруулж, улс орон даяар хэвийн амьдралд үндсэндээ эргээд шилжээд байлаа.


Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, 19 сая хүн амтай тус улсын нийт иргэдийн 40 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн бол хоёрдахь тунг тариулсан хүмүүсийн тоо 26 хувьд хүрч, одоогоор өдөрт 57 мянган хүнд вакцин хийж байгаа зэрэг үзүүлэлтээр Латин Америкт тэргүүлж, дэлхийд 3 дугаарт бичигдэж байна.


Гэтэл...


Гэтэл 4 дүгээр сард халдварын тархалт гэнэт огцом нэмэгдэж, өдөрт 9 мянган хүн өвчилсөн тохиолдол бүртгэгдэх болсон нь өнгөрсөн онд тохиосон цар тахлын оргил үеийнхээс давжээ. Эрчимт эмчилгээний тасгууд өвчтөнүүдээр дүүрсэн энэ үед эрх баригчид аргагүйн эрхэнд хоёрдахь удаагаа хилээ хаалаа. Ерөнхийлөгч Себастьян Пиньера мэдэгдэхдээ “манай эрүүл мэндийн салбар боломжийнхоо хязгаарт тултал ажиллаж байна, гэхдээ өвчтөнүүд шаардлагатай тусламж үйлчилгээг авч байгаа” гэв. Тэрбээр цар тахалтай хийж буй тэмцэлд засгийн газар алдаа гаргасныг хүлээн зөвшөөрсний зэрэгцээ коронавирусийн аюул заналыг хэзээ ч дутуу үнэлж байгаагүй гэдгээ хэллээ.

Нийслэл Сантьяго хотын метронд 


Харин ерөнхийлөгчийг шүүмжилж буй хүмүүсийн хэлж байгаагаар, вакцинжуулалтын эхний амжилтандаа эрдсэн Пиньера болон түүний тэргүүлсэн засгийн газар хөл хориог хэтэрхий эрт сулруулсан ажээ.


Үүний зэрэгцээ коронавирусний халдвар 2020 оны 6 дугаар сарын оргил үеийнхээс ч илүү хурдтай тархах болсон шалтгааныг мэргэжилтнүүд янз бүрээр тайлбарлаж байна. Тухайлбал, халдвар судлаач Габриэль Кавада хэлэхдээ “эрх баригчдын хэт итгэлтэй үг яриа нь “вакцин бол цар тахлыг ялах баталгаа мөн” гэсэн ойлголтыг иргэдэд төрүүлснээр халдвар хамгааллын дэглэмийг сахих нь суларсан” гэжээ.  


Нийслэл Сантьяго хотын оршин суугч Мария Гонсалес ярихдаа, ямар ч вакцины эхний тун нь Ковид-19-ээс баталгаатай хамгаалж чадахгүй гэдгийг ард иргэдэд сайтар ойлгуулж чадаагүйн улмаас цалгар наазгай байдал газар авч, халдвар дахин дэгдсэн гэжээ.


Чилийн их сургуулийн халдварт өвчин судлаач Мигель О'Райан-ы үзэж байгаагаар, вакцинжуулалтын явцад хяналт шалгалт суларч, хөл хорионы дэглэм зөрчигчдөд  хатуу торгууль оноох нь багассан, мөн дэлхийн өмнөд тал бөмбөрцөгт сэрүүний улирал эхэлснээр амьсгалын замын халдварт өвчний тархалтын үе тохиосон нь халдвар газар авахад хүргэсэн байна. Улирал өөрчлөгдөж байгаа, өөр өөр вакцинууд худалдан авсан зэргийг харгалзан үзвээс, Чили болон Израиль, Арабын Нэгдсэн Эмират улсад явагдаж буй дархлаажуулалтын аяны үр дүнг харьцуулах нь учир дутагдалтай гэж зарим халдвар судлаачид дүгнэжээ.


Түүнээс гадна, коронавирусийн мутацид орсон бразил хувилбар Чилид тархсаны улмаас халдварын нөхцөл байдал хяналтаас гарсан байж болзошгүй, мөн мутацид орсон чили хувилбар ч бий болсон байж магадгүй юм. Бразилд цар тахлын нөхцөл байдал маш хүндэрч, зарим өдөрт 4 мянган хүн нас барж байгаа нь бүс нутгийн улс орнуудыг ихэд түгшээж байна. Гэтэл Бразилын чиглэлд үйлдэж байсан нислэгүүдийг хэт оройтож зогсоосон нь байдлыг хүндрүүлсэн байж болзошгүй гэдгийг судлаач Кавада хэллээ.


Өөр нэгэн шалтгааныг дурдвал, Хятад улсад үйлдвэрлэсэн вакцины үйлчлэл сул байгаатай холбоотой гэж зарим иргэд шүүмжилж байна. Гэтэл саяхан явуулсан судалгааны явцад, хятад вакцины хоёр тунг хийлгэсэн хүмүүсийг вакцин тариулаагүй хүмүүстэй харьцуулахад хүнд зэргийн шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандах нь 85 хувь, эрчимт эмчилгээ хийлгэх нь 89 хувь, нас баралт 80 хувиар буурсныг тогтоожээ.  Нөгөөтэйгүүр, вакцины үр дүнгийн талаар дүгнэлт хийхэд хэтэрхий эрт байгаа бөгөөд хоёрдахь тунг хийлгэснээс хойш 2 долоо хоногийн дараа үр нөлөөг нь тодорхойлох боломжтой гэж судлаачид хэлснээс үзвэл Чилид явуулж буй дархлаажуулалтын аяны эхний бодит үр дүн 6 дугаар сарын дундуур, 7 дугаар сарын эхээр гарах бололтой.


Эрчимтэй дархлаажуулалт- эрүүл мэндийн хүчирхэг тогтолцоо


Тус улсад халдвар дахин дэгдсэний улмаас нөхцөл байдал хүнд байгаа боловч дархлаажуулалтыг амжилттай үргэлжлүүлж байгаа нь бодит үнэн.  Чилийн эрүүл мэндийн байгууллагуудын хамтран боловсруулсан Үндэсний вакцинжуулалтын хөтөлбөр /PNI/ нь Латин Америкт төдийгүй дэлхийд шилдэгт тооцогддог ба одоо эрчимтэй хэрэгжиж байна. Хөтөлбөрийг зохицуулагчдын мэдэгдсэнээр, эхний ээлжинд эмч, багш нарыг вакцинжуулалтанд хамруулсан бол одоо тэтгэврийн насныханд вакцин хийж байгаа бөгөөд энэ эрчээр вакцинжуулалтыг үргэлжлүүлвээс 6 дугаар сарын эцэс гэхэд хүн амын 80 хувийг /15 сая хүн/ дархлаажуулах бүрэн боломжтой.


Чилийн тухай товчхон: Тус улс дэлхий даяар жилд хэрэглэж буй зэсийн 30 орчим хувийг дангаараа олборлодог, Латин Америкт хүний хөгжлийн индекс болон дундаж наслалтаар тэргүүлдэг. Нэг хүнд ногдох ДНБ – 27 мянган доллар.

Дархлаажуулалт амжилттай өрнөж байгаа нь өнгөрсөн 20 дугаар зуунд эх суурь нь тавигдсан эрүүл мэндийн тогтолцооны үр шим юм. Нэрт жүжигчин Алехандро дель Рио, Гонсалес Кортес, ерөнхийлөгч асан Сальвадор Альенде нар эрүүл мэндийн тогтолцоог төрөөс дэмжих санаачилгыг дэвшүүлж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө цуцалтгүй ажилласны үр дүн өнөөдөр гарч байна. Тодруулбал, 1938-1942 онд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан С.Альенде эмзэг бүлгийнхэнд эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх тогтолцоог бий болгожээ. Мөн 1952 онд байгуулагдсан Үндэсний эрүүл мэндийн алба /SNS/ бол Чилийн эрүүл мэндийн сүлжээний суурь юм. Түүнчлэн Ковид-19-тэй тэмцэхийн тулд эмнэлэг-халдваргүйжүүлэлтийн анхан шатны албыг /APS/ байгуулсныг дурдах нь зүйтэй. “Эдгээр дэд бүтэц, асар их туршлагын ачаар цар тахал дэгдсэн анхны өдрөөс эхлэн халдварыг амжилттай сөрөн тэмцэж байна. Чиличүүд төрдөө итгэдэг, вакцинжуулалтыг эсэргүүцэж буй хүн байхгүй” гэж Эрүүл мэндийн сайдын зөвлөх Рафаэль Араос хэллээ.


Хөтөлбөрийн хүрээнд, дархлаажуулалтын хөдөлгөөнт цэгүүд улсын эмнэлгүүдээс гадна их дээд сургуулиуд, зах худалдааны төвүүд, хөлбөмбөгийн талбай дээр ажиллаж байна. Үндэсний дархлаажуулалтын бүртгэлийн системийг ашиглан иргэд хаана, хэзээ, ямар вакцинаар тариулах вэ гэдгээ тэр даруй мэдэх боломжтой. Жишээ дурдахад, явуулын цэг ажилласнаар жолооч нар машинаасаа буухгүйгээр вакцин хийлгэж байгаа нь эмнэлгийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангахад дөхөм болсон төдийгүй вакцинжуулалтын хурдыг улам нэмэгдүүлжээ. Нэг хөдөлгөөнт цэгийн эмч нар өдөрт 500 хүртэл тооны хүнд вакцин хийх боломжтой.    

Ерөнхийлөгч Себастьян Пиньера вакцин хүлээн авах үеэр 


Латин Америкийн “хамгийн муу ерөнхийлөгч” гэж ад үзэгддэг Чилийн төрийн тэргүүн Себастьян Пиньера-гийн нэр хүндийн чансаа жилийн өмнө дөнгөж 6-хан хувьтай байсан ба түүнийг огцрохыг шаардаж байв. Харин вакцинжуулалт маш эрчтэй  явагдаж буй энэ өдрүүдэд түүний нэр хүнд 20 хувь хүртэл өслөө. Өмнө нь бизнес эрхэлж байсан түүний ажил хэрэгч хандлага, удирдан зохион байгуулах авьяас, хэлэлцээ хийх ур чадвар нь 35 сая тун вакциныг маш богино хугацаанд худалдан авах боломжийг олгосон нь маргашгүй үнэн. Вакциныг хэд хэдэн улсаас зэрэг худалдан авахаар шийдвэрлэсэн нь нийлүүлэлтийн явцад саатал гарахаас сэргийлж чадсан. Вакцинуудыг Хятад, Их Британи, АНУ-аас худалдан авсан бол одоо ОХУ-аас “Спутник-V” вакциныг худалдан авахаар хэлэлцээ хийж байна. Ялангуяа клиник туршилтын III шатанд 92 хувийн үр дүн үзүүлсэн орос вакциныг Чилийн засгийн газар ихэд сонирхох болжээ.


Хөрш орнуудад


Чилид халдвар авсан хүмүүсийн тоо эрчимтэй өсөж байгаа хэдий ч Латин Америкийн бусад орнууд болон хөрш Аргентин, Боливи, Перутай харьцуулахад нөхцөл байдал хамаагүй дээр байна. Колумбид гэхэд хүн амын 4,6 хувь нь вакцинжуулалтад хамрагдсан бол Бразилд энэ үзүүлэлт 12 орчим хувьтай байгаа ажээ. Бразилд өвчлөл эрс нэмэгдэж, цар тахлын хамгийн хүнд үе ирээд байгаа хэдий ч Ерөнхийлөгч Ж.Болсонару бүх нийтийн хөл хорио тогтоохгүй, эдийн засгаа хүнд байдалд оруулахгүй гэсэн байр суурьтай хэвээрээ. Түүний хэлснээр “вирус хаашаа ч алга болохгүй, түүнийг устгана гэдэг бол боломжгүй зүйл” ажээ.


Мөн 2 дугаар сард Перу улсын Эрүүл мэндийн болон Гадаад хэргийн сайд нар огцорсон учир нь, бүх нийтийн дархлаажуулалт эхлэхээс бүр өмнө 480 гаруй албан тушаалтанд нууцаар вакцин тарьсан гэх дуулиантай холбоотой. Аргентин, Эквадорын эрүүл мэндийн сайд нар ч мөн ижил шалтгаанаар огцорчээ.Парагвай улсын Эрүүл мэндийн сайдыг парламентын шаардлагаар огцруулсан бол цар тахалтай холбоотой бүх нийтийн эсэргүүцлийн ажиллагааны улмаас Марио Абдо тэргүүтэй сайд нарын танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо.  


Эцэст нь, Чилид вакцинжуулалт амжилттай явагдаж байгаа хэдий ч дөнгөж эхлэлийн шатандаа байгаа бөгөөд түүний үр дүн 6 дугаар сарын дундуур гарна гэдгийг дээр дурдсан билээ.


Б.Адъяахүү

Эх сурвалжууд: https://korrespondent.net

https://www.bbc.com

 

 

 

 

 

Холбоотой мэдээ