Эрүүл мэндийн байгууллагуудын хоол үйлдвэрлэл хангалтгүй гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-11-12 17:14:19

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газраас эрүүл мэндийн байгууллагуудын эмчилгээний хоол үйлдвэрлэлийн байдалд хяналт хийжээ. Ингэхдээ тогооч нар эмчилгээний хоолны чиглэлээр мэргэшсэн эсэх, эмнэлзүйн хоолны чиглэлээр мэргэжил арга зүйн сургалтад хамрагдаж мэдлэгээ дээшлүүлдэг эсэх, эмчилгээний хоолтой цуг давс хийдэг эсэх гэсэн шалгуурыг тавьсан байна. Харин хяналтын дүн хангалтгүй гарчээ.

Тиймээс аймгийн Эрүүл мэндийн газраас мастер тогооч нарын холбоотой хамтран Эмчилгээний хоол үйлдвэрлэлийг сайжруулах, эмнэлгийн нөхцөлд хоол хүнсний аюулгүй байдлыг сайжруулах сургалтыг явуулсан байна.


Мөн дээрх хяналтын дүнд үндэслэн тогооч нар мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх сургалтад хамрагддаг байх, цайнд давс хийхгүй байх, 7 хоногт хоёроос цөөнгүй удаа сүү, цагаан идээ, жимс жимсгэнийг цэсэндээ оруулах, ажлын байрны эмх цэгцийг сахих, ажлын хувцсыг байнга өмсөж хэвших, хоол үйлдвэрлэлтэй холбоотой гарсан эрхзүйн баримт бичгийг судлан хэрэгжүүлдэг байхыг зөвлөжээ.


Мэргэжил арга зүйгээр хангах зорилготой энэ хяналтад Нэгдсэн эмнэлэг, хүүхэд болон төрөх тасгийн гал тогоо, Тана- Арцат, Зүүхэн, Тунгалаг-Тамир, Хасу Манал, Дөлгөөн-Арц, Ар тооромт, Сувд сувиллыг хамруулжээ.

Холбоотой мэдээ