Талын агуйг сэргээн засварлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-10-19 12:32:32

Сүхбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн санаачилгаар Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт байрлах Талын агуйг сэргээн засварлах, хамгаалах тохижуулах ажлыг долдугаар сарын 20-ноос эхэлжамжилттай дуусгажээ. Энэ нь эхний удаагийн засвар бөгөөд өвөл агуй доторх мөсийг зөөж гаргах, ирэх жил гадна талын тохижилт болоод агуй доторх гэрэлтүүлгийн ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Талын агуйг сэргээн засварлах, хамгаалах, тохижуулах ажлын хэсгийн ахлагчаар Н.Лхагвабаатар, гүйцэтгэгчээр нь “Монголын Агуй судлалын холбоо” ТББ-ын тэргүүн, агуй судлалын доктор Э. Авирмэд ахлагчтай мэргэжлийн баг ажиллажээ.



Зургаан жилийн өмнөөс агуйн мөсний түвшин дээшилж, агуйн хананд цууралт өгч, ан цав улам ихэссэнээр нуралт үүсэхэд бэлэн болсон байсныг  тогтоожээ. Мөн агуйд их хэмжээний цасны шар ус болон үерийн ус орж агуй усанд автсан байсан тул агуйг яаралтай хааж, засвар ажлыг эхэлсэн юм.
Хамгийн эхэнд агуй руу дахин үерийн ус орохоос хамгаалж 38 метрийн диаметртай, 120 метр урт, 30 см өргөн, 70 см өндөртэй үерийн бетон даланг барьжээ. Мөн агуйн ам хэсэг болон дотор талд тулгуур баганууд, чигжээс, агуйн амны хонгилд байгалийн чулуугаар шат, давцан, агуйн амыг жижигрүүлэн бэхэлсэн өрлөг, агуйн аманд цутгамал давцанг хийж гүйцэтгэсэн байна.

Талын агуй нь Сүхбаатарчуудын бахархал төдийгүй Монголчуудад заяасан байгалийн ховорхон тогтоц бөгөөд аймгийн аялал жуулчлалын гол бүтээгдэхүүний нэг юм. Харамсалтай нь энэ өвөрмөц сайхан агуй байгаль цаг уур хийгээд хүмүүсийн буруутай үйл ажиллагааны улмаас хэдхэн жилийн дараа гэхэд хаагдаж мэдэхээр болсоныг эрдэмтэн судлаач нар тогтоосон.

Хэдийгээр жил бүр судалгааны ажилд үндэслэн агуйн хамгаалалт, бэхлэлтийн ажлыг шат дараатай хийж гүйцэтгэж байгаа боловч төдийлөн үр дүнтэй байж чадахгүй байгаа нь үнэн. Харин энэ удаад ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр томоохон ажлуудыг хийж, заримыг нь эхэлж байна. Энэ бол бид бүхний хувьд үнэхээр чухал, үр дүнтэй ажил байлаа” гэж Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга н.Оюунгэрэл ярилаа.

Талын агуйн мөсийг гаргах ажлыг эхэлсэн боловч, хаврын цасны шар ус, зуны борооны ус их хэмжээгээр дотор орсон учир мөс хагарахгүй хагас хөлдөлтийн байдалтай байгаа тул өвлийн улиралд гүн хөлдөлт үүссэний дараа мөсийг зөөхөөр болжээ.

Т.Одончимэг

Холбоотой мэдээ