Цагаачдыг тээвэрлэж явсан ачааны тэрэг осолджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-10-15 11:26:42

АНКАРА. /BBC/. Туркийн баруун нутгийн Измир мужид цагаачдыг тээвэрлэж явсан ачааны тэрэг осолдсоны улмаас 22 хүн амиа алдсаны дунд бага насны олон хүүхэд байсан тухай “Anadolu” агентлаг мэдээлжээ.


Амиа алдсан хүмүүс аль улсын иргэд байсныг хараахан тогтоогүй байгаа юм. Үүний зэрэгцээ бямба гарагт Грект автомашины ослын улмаас 11 хүн амиа алдсан ба тэднийг мөн цагаачид байсан хэмээн таамаглаж байгаа ажээ.


Осолдсон ачааны тэрэг эргээс цагаачдыг тээвэрлэж, Айдын мужаас Измирийг зорин явж байсан бөгөөд үүний дараа зорчигчид Грекийн Самоа арлыг зорихоор төлөвлөж байжээ. Амиа алдсан хүмүүсээс гадна гэмтэж бэртсэн 13 хүнийг эмнэлэгт хүргэсэн байна.


ADH” агентлагийн мэдээлснээр, уг ослоос эсэн мэнд гарсан 35 настай, турк жолооч урдаас ирж байсан автомашинтай мөргөлдөхөөс зайлсхийхийг оролдох үедээ осолдсон гэж цагдаа нарт мэдэгдсэн аж.


Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн уг хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа бөгөөд ачааны тэрэгний жолооч эмчлүүлж дууссаны дараа хуулийн хариуцлага хүлээх юм.


Турк улс нь Грекийг зорьсон Сири болон Ойрхи Дорнодын бусад орнууд хийгээд Африкийн цагаачдын гол зам болдог бөгөөд 2015 онд хамгийн олон буюу нэг сая орчим цагаач Турк улсаар дамжин өнгөрч байжээ.


Харин орогнох эрх хүсээгүй хийгээд уг эрх нь түдгэлзсэн хариу авсан цагаачдыг буцаах хэлэлцээрт Европын холбоо болон Турк улс гарын үсэг зурсны дараа цагаачдын тоо ихээхэн буурах болжээ. Гэсэн хэдий ч энэ онд Туркаас Грек рүү 24 мянга гаруй цагаач далайгаар аялсан бөгөөд тэдний 118 нь амиа алдсан гэж НҮБ-ээс гаргасан тайланд мэдээлжээ. 

Холбоотой мэдээ