СҮХБААТАР: Малын сэг зэм устгах ажилд 300 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-05-07 18:05:57

Баруун-Урт, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын баг Сүхбаатар суманд ажиллах үеэрээ малын сэг зэмийг устгахад зориулж аймгийн Онцгой комисст 300 сая төгрөгийг шийдвэрлэж өгөхөөр боллоо.

 

Өвөлжилт хамгийн хүнд байсан Сүхбаатар аймгийн хувьд 2023 онд нийт 3.8 сая толгой мал тоолуулсан ч тавдугаар сарын байдлаар нийт малын 44.8 хувь нь хорогдож, 4400 гаруй малчин өрх мал сүргийнхээ 50-иас дээш хувийг нь зүй бусаар алджээ. Зудын дараах томоохон эрсдэл нь мал, амьтны халдварт өвчин байдаг тул малын сэг зэмийг сумдад яаралтай цуглуулж, устгах ажлыг эрчимжүүлэхэд зориулж аймгийн Онцгой комисст 300 сая төгрөг олгохоор болж, газар дээр нь шийдвэрлэлээ.

 

Мөн аймгийн хэмжээнд хамгийн олон мал хорогдсон Сүхбаатар суманд сэг зэм устгах ажилд зориулж хоёр тонн шатахуун шийдвэрлэлээ.


 

Засгийн газраас зудын гамшгийн дараах эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд малгүй болсон өрхүүдийг малжуулах, малчны зээлийн хугацааг хойшлуулж, зээлийн хүүд дэмжлэг үзүүлэх бодлого баримталж буйн зэрэгцээ байгальд ээлтэй, нийгэм, эдийн засгийн өндөр үр ашигтай мал аж ахуйг хамтарч, хоршиж эрхлэх боломжоор хангах “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар эхлүүлээд буй.


2023-2024 оны өвөл, хаврын хүндрэлийг давахад зориулж Сүхбаатар аймагт Засгийн газар, Улсын онцгой комиссоос дараах дэмжлэгийг үзүүлээд байна. Үүнд:

Аймгийн Онцгой байдлын газарт ковш 2 ш, “Ланд 76” автомашин

Эрдэнэцагаан сумын Гал унтраах аврах ангид “Ланд 78” автомашин

Сүхбаатар сумын ЗДТГ-т “Ланд 76

Мал эмнэлгийн газарт ДУК ариутгалын машин

Уулбаян суманд “Pick up ford” машин

Асгат суманд “Suzuki Jemny”

Цас цэвэрлэх, зам гаргахад Зэвсэгт хүчний анги байгууллага, орон нутгийн ковшны шатахуунд 231 сая төгрөг,

Засгийн газрын тогтоолоор 50 хувь хямдралтай үнээр болон үнэ төлбөргүй олгох хивэг, тэжээлийн зардал,

Хүнсний тусламжид 307,926,400 төгрөг,

910 тн нүүрс 82,298,700 төгрөг,

Шатах, тослох материалын 18,200,000 төгрөгийг шийдвэрлэжээ.

 

Холбоотой мэдээ