Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-04-19 09:55:57

ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /Reuters/. Газын өмнөд хэсгийн Рафах хотод цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөний тухайд санаа зовниж байгаагаа АНУ-ын төлөөлөгчид Израилын талд пүрэв гарагт дахин илэрхийлжээЦахим уулзалтын үеэр хоёр тал Иранаас Израилд пуужингийн цохилт өгсөн асуудлыг хэлэлцсэн байна.


Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн төлөөлөгчид Рафахын цэргийн ажиллагаатай холбоотойгоор “бидний санааг зовоож буй асуудлыг анхааралдаа авсан гэж Цагаан ордон мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Газад Палестины энгийн иргэдийн амь насыг дахин хохироохгүйн тулд Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг Израилд уриалсаар ирсэн юм.


Энэ удаагийн хэлэлцээ нь дөрөвдүгээр сарын 1-нд болсон уулзалтын үргэлжлэл байлаа. Өмнөх уулзалтын явцад хоёр талын байр суурь ихээхэн зөрүүтэй байсан гэж зарим эх сурвалжууд ярьсан юм. Амь үрэгдсэн энгийн иргэдийн тоог улам нэмэгдүүлж болзошгүй өргөн цар хүрээтэй дайралт хийхгүй байхыг АНУ-ын тал Израилаас шаардсаар байна.


Цагаан ордны дээрх мэдэгдэлд дурдсанаар, Рафах, Ирантай холбоотой асуудлуудыг пүрэв гаргийн уулзалтаар голчлон хэлэлцсэн байна. Түүнчлэн талууд удахгүй дахин уулзахаар тохиролцжээ.


АНУ-ын төлөөлөгчдийг ахалсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мөн “Долоогийн бүлэг”-ийн орнуудтай хамтран Ираны эсрэг авах шинэ хориг арга хэмжээний талаар израилчуудад танилцуулсан байна.


Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ираны талаас нисгэгчгүй онгоц болон баллистик пуужингаар довтолсны хариуд Израилын тал Иран руу дайрна гэж заналхийлж буй үед уг уулзалт боллоо. Улам түгшүүртэй болж буй нөхцөл байдал хурцдахаас сэргийлэхийн тулд израилчуудыг хариу цохилт өгөхөөс ятган болиулахыг оролдож байна гэж АНУ-ын төлөөлөгч хэлжээ.

関連ニュース