БАЯН-ӨЛГИЙ: Өлгий хот орчмын оршуулгын газруудын хог хаягдлыг цэвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-04-19 17:01:18

Өлгий, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь "Ислам шашинтны муфтиат холбоо" төрийн бус байгууллагатай хамтран Өлгий хотын эргэн тойронд байгаа оршуулгын газруудад цэвэрлэгээ хийж байна.


Одоогоор аймгийн төв орчимд 8 байршилд оршуулгын газар байдаг. Тэдний зарим нь иргэдийн суурьшлын бүс дотор орсон. Тухайн газруудад олон жилийн турш цэвэрлэгээ хийгээгүй тул оршуулгын газрын бүс болон хамгаалалтын хашааны дотор хог хаягдал ихээр хуримтлагджээ.


Иймээс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас "Ажлын байрыг дэмжих хөтөлбөр"-ийн нийтийг хамарсан ажил зохион байгуулж, иргэдийг түр ажлын байраар хангах ажлын хүрээнд 10 сая төгрөг хуваарилж, 50 хүнийг дээрх цэвэрлэгээний ажилд татан оролцуулж байгаа юм.


"Цаашид орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд санаачилга гарган оршуулгын газруудад хамгаалалтын хашаа барьж, худаг гаргаж өгсөн тохиолдолд манай байгууллагын зүгээс тухайн газарт мод тарих, услах ажлыг хариуцсан зохион байгуулах боломжтой. Оршуулгын газрын эргэн тойронд мод тарих нь орчны бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм. Иймээс энэ ажилд байгууллага, иргэдийг идэвхтэй оролцож, дэмжлэг үзүүлэхийг уриалж байна" хэмээн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга А.Галия хэлэв.


Зохион байгуулагчид цаашид оршуулгын газруудад жилд хоёр удаа тогтмол цэвэрлэгээ хийж байхаар төлөвлөж байна. 

Related news