БАЯН-ӨЛГИЙ: Нийтийн хоолны салбараас 5 тэрбум төгрөгийн орлого олов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-05-02 15:47:02

Өлгий, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нийтийн хоол үйлдвэрлэгчид өнгөрсөн онд 5 тэрбум 55 сая төгрөгийн орлого олжээ.


Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 2.9 тэрбум, 2022 оныхоос 3.6 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт аж.


Статистикийн байгууллага нийтийн хоолны салбарын орлогыг зоогийн газрын салбарын үндсэн болон үндсэн бус үйл ажиллагааны нийт орлогыг хамруулан тооцдог. Үүнд хоолны үйлчилгээ, буфетээр худалдсан бүтээгдэхүүний борлуулалтын орлого, байр, тоног төхөөрөмжийн түрээс, туслах чанарын үйлдвэрлэл, үйлчилгээний орлого зэрэг багтаж байгаа аж.


Баян-Өлгий аймгийн нийтийн хоолны салбарын орлого баруун бүсэд хамгийн өндөр байгаа ба тус аймгийн дараа Ховд (4.2 тэрбум), Говь-Алтай (1.7 тэрбум), Завхан (1.7 тэрбум), Увс (610 сая) аймаг орж байна.


Салбарын орлого бүс нутагтаа өндөр байгаа нь нутгийн үзэсгэлэнт байгаль, иргэдийн өв соёлд түшиглэсэн аялал жуулчлал, зочид буудал, зоогийн газрын хүртээмж, үйлчилгээний чанар зэрэг хүчин зүйлстэй холбоотой ажээ. 

Related news