Нам эвсэл, иргэний нийгмийнхнийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулж, асуудлыг сайжруулах боломжтой гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-03-29 14:04:15

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.


УИХ-ын энэ сарын 22-ны өдрийн чуулганы хуралдаанаар дээрх төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан нь өнөөдөр дууссан бөгөөд УИХ-ын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл завсарлагын хугацаа дууссантай холбогдуулан үг хэлсэн юм. Тус өдрийн хуралдааны үеэр гишүүд Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, хариулт, тайлбар авсан юм.


Өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд үг хэлэв. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй уялдуулах, эрдэмтэн судлаачдын санал дүгнэлт, олон улсын байгууллагуудын зөвлөмж гэх зэрэгт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн, батлах шаардлагын талаар Ц.Мөнхцэцэг гишүүн хэллээ. УИХ төслийн хэлэлцэхийг дэмжсэн тохиолдолд холбогдох ажлын хэсгийг байгуулж, эрдэмтэн судлаачид, улс төрийн нам эвслүүд, иргэний нийгмийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн төлөөлөл зэргийг оролцуулсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, тодорхой асуудлуудыг сайжруулах боломжтой гэж үзэж байгаагаа мөн дурдсан. УИХ-ын гишүүн Д.Ганбат, Н.Алтанхуяг нар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Б.Баттөмөр нар Үндсэн хуулийн цэц нь хүний үндсэн эрхийн маргааныг хянан хэлэлцдэг буюу иргэдийн үндсэн эрхийн баталгааг хангадаг гол механизм болж чанаржиж, шүүхийн статустай ажиллах зохицуулалтыг төсөлд тусгасан гэдгийг онцлоод, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.


Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон УИХ-ын 37 гишүүний 67.6 хувь нь дэмжсэн тул Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Related news