АРХАНГАЙ: Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр үүрэг даалгавар өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-03-26 14:48:17

Эрдэнэбулган, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг дарга байгууллагын удирдлагуудтай ээлжит шуурхай хурал, сумын удирдлагуудтай онлайн хурлыг энэ сарын 25-нд хийлээ. 


Хурлаар аймгийн шуурхай штабын нөхцөл байдлын талаар ОБГ, хаваржилтын нөхцөл байдлын талаар ХХААГ-аас мэдээлэл сонссон юм. Үүнээс гадна өнгөрсөн оны 12 дугаар сарын шуурхай хурлаар төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа хийлгэх үүрэг даалгавар өгсний дагуу “Гранд дата” ХХК-иас тус ажлыг гүйцэтгэн, ажлын тайлангаа танилцуулсан юм.  


Судалгааны тайлан, дүгнэлттэй холбогдуулан аймгийн Засаг дарга хэрэглэгчдэд төрийн үйлчилгээг таниулах талаар байгууллагууд вэб хуудас, аппликейшн зэргийг тогтмол ажиллуулах, үйлчилгээний чанар, хүртээмж, үйлчилгээ үзүүлж буй ажилтны харилцаа, хандлага, ёс зүйг сайжруулах, үйлчилгээний байгууллагын орчин болон тохижилтыг сайжруулах гэсэн чиглэлээр төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхийг Хот тохижилт, үйлчилгээний газар, Эрүүл мэндийн байгууллагууд, Цагдаагийн газар, төрийн үйлчилгээний байгууллагуудад даалгаж, биелэлтийг дараа сарын шуурхай зөвлөгөөнд танилцуулах үүрэг болголоо.


Шуурхай хуралдааны төгсгөлд тусламжаар олгож буй өвс тэжээл, хүнсний багцыг сумын Онцгой комиссын хурлаар хэлэлцэн иргэдэд хуваарилж, тайланг ирүүлэх, сэг зэм устгал, халдваргүйтгэлийг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх, шар усны үер, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, отроор явсан айл өрхийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд хэрэгжүүлэх төслийн саналаа 4 дүгээр сарын 30-ны дотор ирүүлэх зэрэг үүрэг даалгаврыг холбогдох байгууллага, сумдын Засаг дарга нарт өглөө.

Related news