Өнөөдөр дэлхийн аз жаргалын өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2024-03-20 10:57:41

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн дугаар сарын 20-ныг “Дэлхийн аз жаргалын өдөр” болгохыг уриалжээЭнэ өдрийг 2013 оноос тэмдэглэж эхэлсэн байна. 


Үндэстнээрээ аз жаргалын коэффициент нь хамгийн өндөр Бутаны Хаант улсын иргэд анх ийм өдөртэй болох санаачилгыг гаргажээ.    


Үнэндээ  аз жаргал гэж түүнийг хэлнэ гэсэн нэгдсэн тодорхойлолт алга. Харин сэтгэл ханамж, тайван байдал, эд баялаг, хувь хүний хувьд алдарших нь аз жаргалд хүрэх арга зам гэх байдлаар өөр өөрөө тайлбарлах гэсэн энгийн ойлголт түгээмэл байдаг бололтой. Гэхдээ аз жаргал гэж юу вэ гэсэн асуултад хариулах гэж хийсэн судалгаа, тоо баримтууд олон улсад байдаг юм байна.


Тухайлбал, гадаа цаг агаар +13,9 хэм байхад хүний аз жаргалын түвшин хамгийн өндөр байдаг гэнэ. Санваартан, жүжигчин, архитектор мэргэжилтэй хүмүүс өөрсдийгөө хамгийн аз жаргалтайд тооцдог. Эрүүл хүн бусдаасаа 20 хувиар илүү аз жаргалтай тооцдог гэх мэт олон янзын ишлэл байна. Олон янзын ойлголтуудаас тухайлбал, "нойр нь ханасан хүн илүү аз жаргалтай" гэдгийг тогтоохын тулд оюутнууд дээр судалгаа хийжээ. Уг судалгаагаар “нойр дутуу оюутнууд муу үгсийн 81 хувийг, эерэг үгсийн 31 хувь”-ийг эргэн санаж байсан" гэх дүн гарсан байна.


Хүний тархи уурлах мэдрэмжийг шууд авдаг гэнэ. Мөн өлсвөл ходоодыг тархи удирдан ажиллуулж эхэлдэг. Тархины энэ чадвар нь түүнийг ямар ч мэдээлэл мэдрэмжид хууртдаггүйг харуулсан гэх дүгнэлтэд Стэнфордын их сургуулийн эрдэмтэд хүрчээ. Судалгааг цааш үргэлжлүүлж, хүний тархи ганцхан инээмсэглэлд хууртдаг болохыг тогтоосон байна. Инээмсэглэхэд тархи хүнийг аз жаргалтай байна гэж ойлгон энэ төрлийн дааврыг ялгаруулж эхэлдэг гэнэ. Бүр уурлаж бухимдан, уйлсан үед ч хүн уруулаа үл ялиг өргөн инээмсэглэхэд тархи түүнийг аз жаргалтай байна гэж мэдэрдэг аж. Дөрвөн настай хүүхэд өдөрт 300-400 удаа сэтгэлээсээ инээдэг. Харин насанд хүрэхэд энэ тоо хэд дахин буурч өдөрт 15 удаа сэтгэлээсээ инээдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Тийм болохоор насанд хүрсэн хүн хүүхэд байх үеийнхээсээ 20 дахин бага  аз жаргалын даавар ялгаруулдаг  гэнэ.


- Та юунд тэмүүлэн амьдрах ёстой вэ?  гэсэн асуултад олонх хүн "нэр алдар, мөнгө” гэж хариулдаг юм байна. Гэвч ингэж хариулсан хүмүүс ихэнхдээ алддаг гэж сэтгэл зүйч Роберт Вальдингер хэлжээ. Мөнгө аз жаргалтай болоход нөлөөлдөг ч энэ мэдрэмж удаан тогтвортой хадгалагддаггүй гэж томьёолжээ. Ядуу хүн орлого өсөх хэрээр аз жаргал нь нэмэгддэг. Гэвч орон байр, хоол хүнс гэх мэт үндсэн хэрэгцээ хангагдахаар орлогын өсөлтөөс хүн аз жаргал авах мэдрэмжгүй болдог гэсэн тайлбар хийсэн байна.


Аз жаргалтай байхад хүн хоорондын харилцаа хамгийн чухал гэдгийг Харвардын судлаачид олон жил дагнан хийсэн судалгаагаараа тогтоожээ.


Бусадтай ойр дотно харилцаатай оролцогчид илүү аз жаргалтай, бас эрүүл байж урт насалдаг болох нь ажиглагджээ. Эндээс харвал хүний бие эрүүл байх үндэс нь аз жаргал болж таарч байна. Ийм учраас аз жаргалын утга учир, мөн чанарыг тодорхойлох гэсэн олон судалгааг хийсэн биз. Цаашдаа ч  хийх нь ойлгомжтой.


Мөнгө аз жаргалтай болгодоггүй болох нь олон янзын судалгаагаар харагдсан гэж энэ чиглэлийн судлаачид хэлсэн байна. 

Нобелийн эдийн засгийн салбарын 2015 оны шагналт, эдийн засагч Angus Deaton 2010 оны судалгаагаараа хүний жилийн орлого 75,000 ам.доллароос илүү гараад ирэхээрээ мөнгөнөөс таашаал авахаа больж эхэлдгийг батлах оролдлого хийжээ.


Эдгээр судалгаанд тулгуурлан аз жаргалын талаар олон янзын байр суурь гарч ирэх бололтой. 

Related news