Европын Холбоо АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулах Монгол Улсыг тууштай дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-02-24 16:40:27

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өнөөдөр Европын Холбооны Гадаад харилцааны албаны АСЕМ-ын асуудал хариуцсан Ахлах зөвлөх Майкл Мэтиссэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар уулзалтын эхэнд ноён М.Мэтиссэнтэй уулзаж байгаадаа таатай байна гээд, Монгол Улсад тавтай саатахыг хүслээ. Тэрээр, Монгол Улс өөрийн бүс нутагт төдийгүй дэлхийд өрнөж буй үйл явцад идэвхтэй оролцох, бүс нутагтаа ардчиллыг бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахаа зорьж буйн нэг илрэл бол 2012 онд ЕАБХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэн явдал юм. Үүний хүрээнд Монгол Улсын Их Хурал 2015 оны 09 дүгээр сард ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан. Энэ жил Монгол Улс АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг амжилттай зохион байгуулах чиглэлээр ажиллаж буй гээд Европын Холбоо энэхүү дээд түвшний уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажилд чиглэл бүрээр хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье гэлээ. Түүнчлэн, АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт 2016 оны 07 дугаар сард Улаанбаатар хотноо болох гэж байгаатай холбогдуулан ирэх 04 дүгээр сарын 21-22-нд зохион байгуулагдах Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын албан ёсны урилгыг түнш орнуудын парламентын дээд, доод танхимын дарга нарт Монгол Улсын Их Хурлын дарга илгээсэн. Энэхүү  Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд www.asep9.parliament.mn цахим хуудас ажиллаж байгаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар уулзалтын үеэр дуулгасан юм.

АСЕМ-ын асуудал хариуцсан Ахлах зөвлөх М.Мэтиссэн дагалдан яваа төлөөлөгчдөө танилцуулах үеэр зарим албаны хүмүүс АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт дуустал Монгол Улсад ажиллана гэлээ. Тэрээр, Европын Холбоо Монгол Улс АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах гэж байгаад их баяртай байгаа. Учир нь Монгол Улс ардчиллыг бэхжүүлэх сайн туршлагатай төдийгүй энэ онд АСЕМ-ын 20 жилийн ой тохиож буй их чухал жил болж байгаагаарай их онцлогтой. Иймд Европын Холбоо энэхүү дээд түвшний уулзалтыг зохион байгуулах Монгол Улсыг тууштай дэмжинэ гэлээ.

АСЕМ нь анх 1996 онд 26 орны гишүүнчлэлтэй байгуулагдсан бөгөөд эдүгээ Европын 30, Азийн 21 улс болон олон улсын хоёр томоохон байгууллагыг эгнээндээ нэгтгээд байна. Тус байгууллага нь Ази, Европын орнуудын эрх тэгш харилцаанд суурилсан улс төр, эдийн засаг, нийгэм соёлын нийтлэг тулгамдсан асуудлыг хэлэлцдэг Засгийн газар хоорондын албан бус яриа хэлэлцээ явуулдаг. Цаашдаа гишүүнчлэл нь улам бүр өргөжих хандлагатай байгаа бөгөөд одоогоор Турк, Украйн, Серби улс гишүүнээр элсэх өргөдөл өгчээ. Монгол Улс 2008 онд Бээжин хотноо чуулсан долоо дахь удаагийн уулзалтаар АСЕМ-д элссэн бөгөөд тус байгууллагын үйл ажиллагаанд тогтмол, идэвхтэй оролцож ирсэн учраас 2014 оны ээлжит чуулганаар 2016 оны дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах эрхийг өгсөн юм.

Related news