Жавхлант шаргын нэрэмжит хурдан хүлгийн уралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 12:52:57

Жавхлант шарга МСУХ-ны нэрэмжит аймгийн аварга хүлэг шалгаруулах дээд гурван насны хурдан морины уралдаан 2 сарын 21-ний өдөр боллоо. Аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаан 7 дахь жилдээ зохиогдож байгаа нь энэ юм.

Гурван насанд нийт 300 гаруй хүлэг хурд шандасаа сорилоо. Ингээд  хаанахын ямар уяачийн морьд түрүүлж айрагдсан талаарх мэдээллийг хүргэе. 

Азарганы уралдаанд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уяач Цэвээний Октябрийн хүрэн азарга түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүллээ. Аман хүзүүнд Хөвсгөл аймаг Мөрөн сумын уугуул Монгол Улсын алдарт уяач Болдбаатарын халиун азарга, Айргийн гуравт Өмнөговь аймгийн Булган сумын уугуул Монгол Улсын манлай уяач Намдагийн Хүрлээгийн бор азарга, айргийн дөрөвт Түвшинширээ сумын харъяат аймгийн алдарт уяач Пүрэвдоржийн Базарбумаагийн хул айргийн тавд Түмэнцогт сум аймгийн алдарт уяач Алгаагийн Баярсайханы хар азарга тус тус хурдалжээ.

Хурдан их наснанд 110 хүлэг уралдааны замд гарсанаас Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уяач Өлзий-Оршихын хээр түрүүллээ. Аман хүзүүнд Эрдэнэцагаан сумын уугуул яруу найрагч Намрсайн Лутбаярын хар морь, Айргийн гуравт Төв аймаг Заамар сумын Уламбаярын хонгор айргийн дөрөвт Асгат сумын уугуул  ЖШ  тэргүүн П.Мөнхжаргалын хээр морь, айргийн тавд Дорнод аймаг Цагаан-Овоо сум МУАУ Түвдэндоржийн Батзоригийн бор морь хурдалж наадамчин олныг баясгалаа.

Соёолонгийн уралдаан нутаг нутгийн 85 хүлэг хурдаа сорьсоноос Баруун-Урт сумын уяач Моондойн Ганболдын уясан Батболдын хээр соёолон түрүүлж, хурсан олныг баярлууллаа. Аман хүзүүнд Өвөрхангай Хархорин сумын уяач Батбаярын ягаан, Айргийн гуравт Дорнод Цагаан сум Эрдэнэцогтын хул, айргийн дөрөвтДорнод аймаг Матад сум МУАУ Цэндбаатарын хүрэн айргийн тавд Дорнод аймаг Матад сумын уяач Гантогоогийн саарал үрээ хурдалж алтан жолоогоо өргүүллээ.

Уралдааны үеэр ММСУХ-оос нэр бүхий хүмүүсийг шагналаа. Монгол түмний их өв соёл болсон Хурдан морины спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хөдөлмөр зүтгэлийг үнэлэж нэр бүхий хүмүүсийг ММСУХ-ны нэрэмжит шагналаар шагналаа.

Т. Одончимэг

Related news