Дурсамж уулзалт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-18 10:24:25

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 44 жилийн ойг тохиолдуулан Монгол-Японы Найрамдлын нийгэмлэгээс өчигдөр “Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэн эхлэл” сэдвээр уг түүхэн үйл явдалд оролцогсдын дурсамж уулзалтыг зохион явууллаа.

Дурсамж уулзалтад оролцогсод БНМАУ-ын сайд, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга асан Д.Салдангийн “Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааг үүсгэн хэрэгжүүлсэн түүхэн зурвас (1973-1985)” номонд бичигдсэн Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагаа анх яаж үүссэн, энэ харилцааны анхны түүчээ нь болж бодитоор барьж байгуулсан “Говь” үйлдвэрийн талаарх түүхэн баримтуудыг дурсан санаж, өөр өөрсдийн онцлог түүх дурсамжаа хуваалцаж дотно яриа өрнүүлсэн юм.

Тухайн үед манай улс анх удаа хөрөнгөтөн гэгдэх оронтой, тодруулбал Японтой эдийн засгийн харилцаа тогтоож хамтран ажиллах нь манай хувьд цоо шинэ эхлэл байв. Манай улс 1973 он хүртэл аль нэг хөрөнгөтөн гэгдэх оронтой эдийн засгийн хамтын ажиллагааны үндсэн хэлбэр болох зээл авах, үйлдвэр барих, хамтарсан хөрөнгө оруулалт хийх гэх мэт үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд энэ талын ямар ч туршлагагүй байсан аж. Тийм амаргүй нөхцөлд Японы засгийн газрын “Буцалтгүй тусламж” авах хэлэлцээг эхлүүлэх, уг тусламжийн хэмжээг хүссэн хэмжээндээ хүртэл нэмүүлж батлуулах, урьд өмнө нь манайд байгаагүй шинэ техник, технологи бүхий үйлдвэрийг барьж байгуулах, ажиллуулах мэргэжлийн хүмүүсийг Японд сургаж бэлтгэх гэх зэргээр эдийн засгийн хамтын ажиллагааг жинхэнэ утгаар нь үүсгэн хэрэгжүүлсэн нь өнөөгийн Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэн эхлэл гарцаагүй мөн гэдгийг энэ үеэр оролцогчид тэмдэглэв.

Б.Туул

Related news