МОНЦАМЭ-гийн жолооч Ш.Дэлгэрсайхан “Онц тээвэрчин” боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-04 16:42:35

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Санхүү, аж ахуйн хэлтсийн жолооч Ш.Дэлгэрсайхан өнөөдөр Зам, тээврийн сайд М.Зоригтын тушаалаар “Онц тээвэрчин” цол, тэмдгээр шагнуулав.

Дэлхийг Монголд-Монголыг Дэлхийд уриатай Үндэсний мэдээ МОНЦАМЭ агентлагийн хэвлэмэл бүтээгдэхүүнийг тараах, сэтгүүлчдийг үйл явдалд цаг тухайд хүргэж өгөх үүргийг хариуцлагатай биелүүлж, олон нийтэд үнэн бодит мэдээллийг шуурхай хүргэх ажлын арын албыг нэр төртэй гүйцэтгдэг тэрбээр өнөөдөр ийнхүү ажил хөдөлмөрөө төрдөө үнэлүүлэв.

Ш.Дэлгэрсайхан нь 1956 онд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн. бөгөөд 1975-1978 онд Барилгын цэргийн 083-р ангид цэргийн алба хааж, жолоочийн мэргэжил эзэмшжээ.

Тэрбээр 1978 онд Тусгай үйлчилгээний авто баазаас ажил амьдралын гараагаа эхлүүлсэн бөгөөд 1988-2000 онд МАХН-ын Төв хорооны авто баазад жолоочоор ажиллаж байгаад 2000 оноос МОНЦАМЭ агентлагт ажиллаж байна.

Түүнийг 2001 онд Дэд бүтцийн яамны “Хүндэт жуух”, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медалиар шагнаж, Байгууллагын Хөдөлмөрийн аваргаар тодруулж байв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news