Ираны Ерөнхийлөгч Европт хийх айлчлалаа Италиас эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-25 11:05:36

ТЕГЕРАН. /TASS/. Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханигийн Европт хийх айлчлал нэгдүгээр сарын 25-нд эхлэх бөгөөд тэрбээр Итали, Ватикан болон Франц улсад айлчилна. Энэ нь Тегеран болон дэлхийн зургаан гүрний хооронд байгуулсан цөмийн гэрээ болоод Цогц үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөө нэгдүгээр сарын 16-нд хэрэгжиж эхэлснээс хойш, мөн цөмийн хөтөлбөртэй нь холбоотойгоор авсан хориг арга хэмжээг цуцалснаас хойш Ираны Ерөнхийлөгчийн гадаадад хийж буй анхны айлчлал юм. Хасан Роухани Итали, Францад өнгөрсөн оны 11 дүгээр сарын 14-17-нд айлчлах ёстой байсан боловч 11 дүгээр сарын 13-нд Парист 130 хүний амийг авч одсон цуврал халдлага үйлдсэнтэй холбоотойгоор айлчлалаа хойшлуулжээ.

Итали, Иран худалдаа-эдийн засгийн алдсан харилцаагаа сэргээхийг зорьж байна

Ираны Ерөнхийлөгч нэгдүгээр сарын 25-26-нд Италид айлчлах үеэрээ Ром хотод тус улсын Ерөнхийлөгч Сержо Маттареллатай болон Ерөнхий сайд Маттео Ренцитэй хэлэлцээ хийнэ. Түүнчлэн Ираны сайд нарын танхимын тэргүүн Италийн бизнес болон үйлдвэр эрхлэгчидтэй уулзана.

2012 онд хориг арга хэмжээ авахаас өмнө Итали улс Тегераны хувьд Европын томоохон худалдааны түншүүдийн нэг байсан юм. Хоёр орны худалдаа эргэлтийн хэмжээ 2011 онд 7 тэрбум евро болж байв. Ирантай хийж буй харилцаанд хориг тавьснаар хоёр орны худалдааны эргэлт жилд 1 тэрбум гаруйхан доллар болж буурчээ. Италийн бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид цаашдын хамтын ажиллагааны боломжийг тодорхойлох зорилгоор өнгөрсөн оны наймдугаар сард Иранд айлчилсан байна. Италичууд нефть, хими, уул уурхай, төмөрлөг, нэхмэлийн үйлдвэрийн салбарт, мөн барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт хамтарсан төслүүд хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Италийн нефтийн томоохон компани болох “Eni”  хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар Тегерантай хэдийн хэлэлцээ хийж эхэлсэн байна. Хасан Роуханиг мөн Ромын пап Франциск Ватиканд хүлээн авч уулзана. 

Тегеранд хориг арга хэмжээ авахын өмнө Ираны худалдааны түншүүдийн дотор хоёрдугаарт ордог байсан Италийн эрх баригчид одоо алдсан байр сууриа сэргээхийг зорьж байна. Хоёр орны эдийн засгийн харилцааг бүрэн сэргээхээр төлөвлөж байгаа тухай тухайлбал, Италийн Гадаад хэргийн сайд Паоло Жентилони мэдэгджээ. Италийн экспорт-зээлийн “SACE” агентлагийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор, хориг арга хэмжээг бүрэн цуцалсны дараа Италийн Иран руу гаргах экспортын хэмжээ хоёр дахин нэмэгдэх бол гурван жилийн дараа одоогийн 1.1 тэрбум доллартай харьцуулахад 3 тэрбум доллар давна.

Парис, Тегеран хамтын ажиллагааны хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурна

Парист нэгдүгээр сарын 27-28-нд хоёр өдөр айлчлахдаа Ираны Ерөнхийлөгч Францын Ерөнхийлөгч Франсуа Олландтай хэлэлцээ хийнэ. Агаарын тээвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах зэрэг хоёр талын хамтын ажиллагааны хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурах төлөвтэй байна. Түүнчлэн автомашин угсралт, эрчим хүч, төмөр замын тээврийг хөгжүүлэхэд хамтран ажиллах тухай гэрээ, санамж бичигт гарын үсэг зурна.

Хориг арга хэмжээ авсны дараа Ираны Францад гаргадаг бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээ 2011 оны 1.77 тэрбум еврогоос 2013 онд 62 сая евро болж буурсан бол импортын хэмжээ мөн 1.66 тэрбум еврогоос 494 сая евро болж буурчээ. Үүнээс гадна Францын томоохон банк болох “BNP Paribas” их хэмжээний хохирол амссан байна.  Ирантай хийж буй худалдаанд тавьсан хоригийг зөрчсөн гэж тус банкийг АНУ-ын эрх баригчид 2014 онд 9 тэрбум доллароор торгожээ. Францын бизнес болон үйлдвэр эрхлэгчдийн томоохон төлөөлөгчид мөн өнгөрсөн оны есдүгээр сард Иранд айлчилж, тус улсын түншүүдтэйгээ цаашдын хамтын ажиллагааг хэлэлцжээ. Италийн “Eni” компанийн адил Францын “Total” компани өргөн хүрээнд хамтран ажиллах талаар  Ирантай хэлэлцээ хийж байна. Цөмийн гэрээ хэрэгжиж эхэлснээс хойш болон хориг арга хэмжээг цуцалсны дараа Ираны агаарын тээврийн “Iran Air” компани тус улсын нисэх  онгоцуудыг Францын нисэх онгоцны буудлуудад түлшээр цэнэглэх тухай гэрээ байгуулжээ. Иран болон нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” концерны төлөөлөгчид 114 нисэх онгоц худалдан авах тухай гэрээнд гарын үсэг зурахад тун ойртжээ.

Д.Жаргал

 

Related news