Хүүхэд харах үйлчилгээнд 80 гаруй хүүхэд хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-08 10:32:44

Оны эхнээс хэрэгжиж эхлээд байгаа Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн дагуу 2016 онд 10 мянга гаруй хүүхдийг энэ үйлчилгээнд хамруулахаар 10.8 тэрбум төгрөгийг улс төсөвлөсөн. Үүнээс Дундговь аймагт 80 орчим хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулах төсөв хуваарилахаар урьдчилсан квот иржээ.

Одоогийн байдлаар хүүхэд харах үйлчилгээ эрхлэхээр 28 иргэн аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст бүртгүүлсэн байна. Иргэд хүүхэд харах үйлчилгээний сургалтад хамрагдаж, хүүхэд асран халамжилж хамгаалах,хооллож тоглуулан амраахад зориулсан эрүүл аюулгүй орчин бүрдүүлсэн нөхцөлд хүүхэд харах үйлчилгээ эрхлэх юм.

Хүүхэд харах үйлчилгээний үндэсний сургагч багшаар тус аймгийн 5 төрийн албан хаагч бэлтгэгдсэн бөгөөд тэд энэ сарын 18- 22-ны өдөр хүүхэд харах үйлчилгээ эрхлэх чиглэлээр сургалт явуулах юм байна. Ингэхдээ бүртгүүлсэн 28 иргэнээс хүсэл сонирхлыг нь харгалзан сургалтад хамруулах ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

 

Related news