Төмөр зам ачаа эргэлтийн 70, зорчигч тээврийн 20 гаруй хувийг гүйцэтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-08-03 18:41:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Төмөр замын тээврийн салбар үүсч хөгжсөний 80 жил, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулсны 69 жилийн ой, Монголын төмөр замчдын баярын өдөр өнөөдөр тохиож байна.
Баярын өдрийн ёслолын арга хэмжээ өглөөний 09.00 цагт төмөр замын ахмад зүтгэлтэн Н.Цэрэнноров агсны дурсгалын хөшөө болон “Улаанбаатар” зорчигч үйлчилгээний төв буудлын хойно орших Найрамдлын хөшөөнд УБТЗ-ын удирдлага, хамт олон цэцэг өргөснөөр эхлэв. Дараа нь “Улаанбаатар” зангилааны бүх салбар нэгжийн төлөөлөл ажилтнууд Зорчигч үйлчилгээний төв буудлаас Төмөр замчдын Соёлын ордон хүртэл баярын парадаар жагссан юм. Энэ өдөр мөн Зорчигч үйлчилгээний төв буудлын хүндэтгэлийн Баганат танхимд 80 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээлээ. Энд 1945 оны Монголын Төмөр замын тээврийн анхны уурын зүтгүүр, Наушки-Улаанбаатар чиглэлд анхны галт тэрэг 1949 оны өвөл улсын хилээр орж ирж буй, мөн 1956 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр Ази, Европыг холбосон төмөр замын гарцыг нээж БНХАУ-аас анхны галт тэрэг Замын-Үүдийн боомтоор нэвтэрч буй зэрэг түүхэн гэрэл зургуудыг дэлгэн тавьсан нь Монголын төмөр замын хөгжлийн түүхийг харуулсан товчоон болон үлджээ. Анх 1938 оны энэ өдрүүдэд Улаанбаатар хотын Аж үйлдвэрийн комбинат- Налайхын уурхайн хооронд Монголын анхны 43 км төмөр замыг тавьж ашиглалтанд оруулснаар Монгол Улсад өртөөнөөс өвлөж ирсэн Төмөр замын салбар анхны шангаа татан үүсч хөгжсөнийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Д.Жигжиднямаа ойн баярын энэ өдөр дурсаж байв.

Баярын хурлыг ЗТХ-ийн дэд сайд Д.Цогтгэрэл нээж мэндчилгээ дэвшүүлэн хэлэхдээ, “Монголын төмөр зам өнгөрсөн 80 жилийн түүхэн хугацаандаа манай улсын эдийн засгийн гол бүс нутгуудыг холбосон, улс орны нийт ачаа эргэлтийн 70, зорчигч тээвэрлэлтийн 20 гаруй хувийг гүйцэтгэж, олон улсын тээврийн сүлжээнд холбогдсон, стандарт шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлж, орчин үеийн техник, технологи, тоног төхөөрөмжөөр тоноглосон, материаллаг баазтай, инженер техникээс аваад засвар, үйлчилгээ хариуцсан өндөр чадварын мэргэшсэн боловсон хүчин бүхий, улсынхаа гадаад харилцаа, худалдаа, нийгэм, эдийн засгийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэж байгаа нэр хүнд бүхий томоохон бие даасан салбар болон хөгжиж ирсэн"-ийг дурдаад "Энэ бүх хөгжил нь  яруу алдарт төмөр замчдын маань нөр их хөдөлмөрийн ач гавьяа, зүтгэл юм” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. УИХ-аас 2007 онд Төмөр замын тээврийн тухай хуулийг батлан гарснаар энэ салбарт өмчийн олон төрлийн ААН, байгууллага үйл ажиллагаа эрхлэх эрхзүйн зохицуулалт бүрдэж, үр дүнд 2008 онд төмөр замын тээврийн үйл ажиллагаа эрхлэх анхны, үндэсний, 100 хувийн хөрөнгө оруулалттай төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК, анхны хувийн өмчит “Болд төмөр Ерөө гол” компаниуд байгуулагдан Монголын төмөр замын хөгжлийн шинэ хуудсуудыг нээлээ. 2010 онд мөн УИХ Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг батласнаар төмөр замын сүлжээ үе шаттай өргөжин хөгжих, техник технологи, боловсон хүчний талаар баримтлах бодлогын зорилтыг дэвшүүлсэн тодорхой баримт бичигтэй болж, улмаар төмөр замын салбарт улсын төсөв, зээл тусламж, хувийн хөрөнгө оруулалтыг хийснээр шилжүүлэн ачих байгууламж, замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, дохиолол холбоог шинэчлэн сайжруулж өргөжүүлэх төсөл, арга хэмжээг авч хэрэгжүүлэн,  үр дүнд нь ачаа тээвэр 55, ачаа эргэлт 65, хоног тутам ачиж буй вагоны тоо 37, техникийн хурд 14 хувиар тус тус нэмэгдэж ирснийг тэмдэглэсэн юм.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Д.Жигжиднямаа ойн баярын хуралд хэлсэн үгэндээ, “Анх Аж үйлдвэрийн комбинат-Төмрийн завод-Консул-Амгалан-Налайх гэсэн гарын таван хуруунд багтах хэдхэн өртөөнөөс 1949 онд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ыг байгуулснаар Монголын төмөр замын салбар эрчимтэй хөгжиж, өнөөдөр 78 өртөө, зөрлөг бүхий Ази, Европ тивийг холбосон 1950 км-ын урттай, орчин үеийн төмөр замын салбар болтлоо хөгжиж ирсэн”-ийг цохон дурдаад, УБТЗ энэ жил 24.5 сая тонн ачаа тээвэрлэх зорилт тавин хамгийн сүүлд Зүүнхараагийн ачаа, вагон засварын депог өөрсдийн хүчээр өргөтгөн байгуулж шинэчилсэн ажлын амжилтаар 80 жилийн түүхт ойгоо угтаж байгааг онцолсон юм. Тэрээр ойн баярын энэ өдөр Монголын төмөр замын салбар үүсч хөгжин бэхжихэд мэргэжилтэй боловсон хүчинг сургаж бэлтгэхээс эхлээд бүх зүйлийг хийж ирсэн, хуучнаар ЗХУ болон Оросын ард түмний ач тус их бөгөөд оруулсан хувь нэмрийг монголчууд хэзээ ч мартахгүйг дурсан санаж, талархаж байгаагаа нийт төмөр замчид, Монголын ард түмний өмнөөс илэрхийлж буйгаа мэргэжил нэгт Орос анд нөхөддөө уламжилсан юм.

Ойн баярын хуралд УИХ-ын дарга М.Энхболдоос ирүүлсэн баярын мэндчилгээг УИХ-ын даргын зөвлөх Ц.Мөнхбаяр уншиж хүргэсэн бол ОХУ-ын “Оросын төмөр зам” (РЖД) нээлттэй хувьцаат нийгэмлэгийн мэндчилгээг УБТЗ-ын Ерөнхий хорооны гишүүн, “ОТЗ” нийгэмлэгийн хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан Ерөнхий инженер О.В.Чикиркин дэвшүүлэн хэлсэн юм. Баярын хуралд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Цэнгэл, “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн орлогч захирал Б.Сүхбаатар нарын албаны хүмүүс, ахмад төмөр замчид, Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчид, зочид болон нийт ажилчдын төлөөлөл оролцлоо.

 
Б.Болд
Гэрэл зургуудыг Н.Батбаяр

 
Связанные новости