НҮБ: Умард Солонгосын эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээг зөөллөхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-02 16:09:25
twitter.com/Nyamkanmk
НЬЮ-ЙОРК. /NHK/. Умард Солонгосын эсрэг авч хэрэгжүүлж буй олон улсын хориг арга хэмжээг хэвээр хадгалах нь зүйтэй гэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудын дийлэнх хувь нь үзэж байна гэж тус Зөвлөлийн шинэхэн дарга мэдэгдлээ.

Энэ сард Аюулгүйн зөвлөлийг Их Британиас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Карен Пирс даргалах бөгөөд тэрбээр өчигдөр хэвлэлийн бага хурал хийсэн байна.

Умард Солонгост авсан хориг арга хэмжээг зөөлрүүлэх талаар түүнээс асуухад тэрбээр, Умард Солонгос цөмийн зэвсгээсээ ангижрах тодорхой алхмууд хийхээс нааш тус улсад авсан хориг арга хэмжээг хэвээр хадгалах хэрэгтэй гэж Зөвлөлийн гишүүн орнуудын дийлэнх үзэж байна гэж хариулав.

Умард Солонгос болон тус улстай хамтран ажилладаг орнууд олон улсын хориг арга хэмжээг зөрчиж байна гэж өнгөрсөн сард АНУ мэдэгдэл хийхдээ буруушаасан байна. Гэвч Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулахад туслах зорилгоор тус улсад авсан хориг арга хэмжээг зөөллөх саналыг БНХАУ, ОХУ гаргасан байна.

Умард Солонгост авсан олон улсын хориг арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлж байгаа тухай тайланг орон бүр энэ сард багтаан гаргаж, Аюулгүйн зөвлөлд өргөн барих юм. Ингэснээр тайлангуудыг нягталж, хориг арга хэмжээг зөрчсөн зүйл гарч ирэхгүй бол Умард Солонгост авсан хориг арга хэмжээг зөөллөх талаар дахин хэлэлцэх боломжтой болох ажээ.
 
Д.Нямтулга
Связанные новости