Хүчингийн хэрэг үйлдэгсдэд цаазын ял ногдуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-07-31 17:07:33
ШИНЭ ДЕЛИ. /Би-Би-Си/. Энэтхэг улсын парламентын доод танхим 12-оос доош насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт этгээдэд цаазын ял ногдуулах тухай хуулийн төслийг даваа гарагт баталсан байна.

Хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтийг тус улсын хүүхэд, эмэгтэйчүүдийн хөгжлийн яамны сайд Манека Ганди гаргасан ажээ. “Энэ хууль батлагдсанаар бага насны хүүхдүүдийг хүчирхийлэх гэмт хэргийн тоо багасна хэмээн найдаж байна” гэж М.Ганди тэмдэглэсэн байна.

Кашмир мужид 8 настай охиныг хүчирхийлж хөнөөсөн болон хамгийн сүүлд тус улсын төв хэсгийн Мадхя Прадеш мужид бага насны охиныг хүчирхийлсэн зэрэг олон тооны цуврал хэргүүдээс улбаалан уг шийдвэрийг гаргасан ажээ.

Энэтхэг улсын гэмт хэргийн талаархи албан ёсны мэдээллийн санд дурдсанаар, 2012 онд бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэргийн тоо 8541 байсан бол энэ тоо 2016 онд ихээхэн нэмэгдэж, 19765 болсон байна.

Хуульдаа дээрх өөрчлөлтийг оруулсан хэдий ч Энэтхэг улс нь цаазын ялыг эсэргүүцдэг юм. Тус улс нь маш ховор тохиолдолд л цаазын ялыг ногдуулдаг бөгөөд хамгийн сүүлд 2015 оны долдугаар сарын 30-нд гэмт хэрэгтнийг цаазалж байжээ.
Э.Хулан
 

Связанные новости