Грект бүх нийтийн ажил хаялт зарлажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
АФИН, 2025 оны аравдугаар сарын 2 /DW/. Грект лхагва гарагт орон даяар бүх нийтийн ажил хаялт зарласны улмаас галт тэрэг, гатлага онгоц, таксины үйлчилгээ зогсож, олон ажилчин болон бусад иргэдийг зам дээр гацахаас аргагүй байдалд хүргэжээ.
Ажлын цагийг уртасгах боломжийг ажил олгогчдод олгох засгийн газрын төлөвлөгөө зэрэг хөдөлмөрийн стандартад өөрчлөлт оруулах саналыг эсэргүүцэн нэг өдрийн бүх нийтийн ажил хаялт зарласан байна. 24 цагийн турш үргэлжилсэн ажил хаялтын хугацаанд Афин хотод такси, галт тэрэг яваагүй байна. Мөн хотын автобус, метро, трамвай, троллейбуснууд эрс багасгасан хуваариар үйлчилжээ.
Грекийн хувийн болон төрийн томоохон үйлдвэрчний эвлэлүүд
ажил хаялтыг зохион байгуулсны дараа Афин хотод багш нар, далайчид зэрэг олон
мянган хүн парламентын ордон руу жагссан байна.
Эрх баригчид хөдөлмөрийн ямар шинэ хуулиудыг нэвтрүүлэх хүсэж байна вэ?
Засгийн газрын хуулийн төсөлд одоогоор найм байгаа ажлын цагийг 13 хүртэлх цаг болгон уртасгахыг ажил олгогчдод зөвшөөрөх ажээ. Мөн шинэ зохицуулалтуудын дагуу илүү цагаар ажиллах хугацааг долоо хоногт 48 цагаар хязгаарлаж, жилд дээд тал нь 150 цаг илүү цагаар ажиллуулахыг зөвшөөрөх гэнэ.
Мөн хуулийн
төсөлд ажил олгогчдод богино хугацаанд ажилд авах уян хатан нөхцөл олгохын
зэрэгцээ хувийн хэвшлийнхэнд ээлжийн амралт олгох журамд өөрчлөлт оруулахаар
тусгажээ. Уг хуулийг энэ сард
парламентад өргөн мэдүүлж,
батлуулахаар төлөвлөж байна.
Харин Үйлдвэрчний эвлэлүүд шинэ дүрэм журмууд нь ажилтнуудыг ажил олгогчдын хөдөлмөрийн мөлжлөгт өртөмтгий болгож байна гэж үзэж байгаа ажээ.