Б.Баярдаваа: Цалингийн нэмэгдэл инфляцид нөлөөлөхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-07-26 14:50:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Үндэсний Статитистикийн хорооноос зарласан зургадугаар сарын статистикийн үзүүлэлтээр инфляци жилийн түвшнээрээ 8 хувьтай тэнцэж байна. Хэдийгээр Төвбанкнаас зарласан зорилтот түвшинд байгаа хэдий ч цаашид өргөн хэрэглээний барааны үнэ өсч инфляцийг хөөрөгдөх вий гэсэн болгоомжлол нийгэмд байгаа. Тэгвэл зургадугаар сард гарсан инфляцийн үзүүлэлт улирлын болоод нийлүүлэлтийн хэд, хэдэн хүчин зүйлсээс болж өссөн гэдгийг Монголбанкнаас мэдээллээ.
 
Ирэх гурван жилд Төвбанк инфляцийг 8 хувьд тогтворжуулна гэсэн зорилттой Мөнгөний бодлогыг хэрэгжүүлж байгаа. Энэ тухай Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа ийнхүү ярьж байна.

“Инфляци жилийн түвшнээрээ 8 хувьтай тэнцсэн нь хүнсний ногооны шинэ ургацын өндөр үнэ хэрэглээний үнийн индексийг нэг нэгж хувиар өсгөсөн. Өнгөрсөн жил ургац 40-50 хувиар алдсанаас болж хүнсний ногооны үнийн өсөлт хэвээр үргэлжилсэнтэй холбон тайлбарлагдаж байна. Мөн нүүрсний үнэ энэ зун буугаагүй учир инфляцийн өсөлтийн 1.7 хувийн өсөлтийг дангаараа эзэллээ. Өөрөөр хэлбэл нүүрсний  60 хувийн өндөр үнэ хэвээр хадгалагдсан. Өмнөх жилүүдэд нүүрсний үнэ  хоёрдугаар  сараас буурсаар 10-11 сар хүртэл буурдаг бол энэ жилийн хувьд үнэ саарсангүй. Түүнчлэн махны үнэ хэрэглээний үнийн индексийн 0.9 хувийг бүрдүүллээ. Зургадугаар сараас 11 дүгээр сар хүртэл буурдаг бол энэ жилийн хувьд махны үнэ буусангүй. Ийнхүү нийлүүлэлт болоод улирлын чанартай холбоотой үнийн өөрчлөлт 3,5 орчим хувиар инфляцийг өсгөлөө. Суурь инфляци хэтийн төлвийг илэрхийлдэг бөгөөд одоогийн байдлаар 6,7 хувьтай байгаа юм.  Төвбанкнаас инфляцийн таамаг төсөөллийг өмнөх  Мөнгөний бодлогын хурлаар хэлэлцсэн. Тус хурлаар 2018 оны эцэст инфляци 7,1 хувтай байна гэсэн төсөөлөл гарсан. 2019 онд 6,8 орчим хувьтай байхаар төсөөлсөн бөгөөд 2017-2019 онуудад инфляцийн түвшинг 8 хувьд тогтворжуулна” гэв.

-Зургадугаар сарын статистик үзүүлэлтээр инфляци 8 хувьтай гарсан бол долдугаар сард шатахууны үнэ, валютын ханшийн өсөлт нөлөөлнө. Мөн хичээл сургууль эхлэхтэй холбоотой бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг жишиг манайд бий. Тэгэхээр Монголбанкны төсөөллөөс инфляци өсөх юм биш үү?

-Эдийн засгийн ирээдүйн төлөв байдлыг тодорхойлох гол хүчин зүйл нь инфляцийн түвшин. Суурь дарамтыг харж байж хэтийн төлвийг гаргадаг.  Дээрх таны хэлж буй бүх хүчин зүйлийг харгалзан оны эцэст  инфляци 7,1 хувьтай ирэх онд 6,8 хувьтай байх төсөөллийг гаргасан. Шатахууны үнийн төлөв байдал тодорхой бус байдлын нэг хэсэг. Төлбөрийн тэнцэлтэй уялдаад валютын ханшийн хэлбэлзэл яах вэ гэдэг нь тодорхой бус юм. Төсөөллийг гаргахдаа шатахууны үнэ тодорхой түвшинд өснө гэсэн тооцоололтой хийсэн. Харин валютын ханш харьцангуй тогтвортой байх болов уу гэсэн төсөөллийг гаргасан.

- Төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэр гарсан. Энэ нь инфляцид ямар нөлөө үзүүлэх вэ?
 
-Цалингийн өсөлт эрэлтийн том дарамтыг үүсгэхгүй. 2017 оноос өрхийн нэрлэсэн орлого нэмэгдэж байгаа 2012 оноос хойш төрийн албан хаагчдын цалин өсөөгүй. Иргэдийн бодит орлого хүнд байгаа. Өнөөдрийн 10 хувийн нэмэгдэл худалдан авах чадвартай харьцуулахад бага. Цаашид бодлогын түвшинд анхаарах ёстой гол зүйл нь цалингийн зардлыг дагаад үйлдвэрлэлийн зардлыг өсгөх, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх вий гэдэгт анхаарах нь чухал. Гол нь бүтээмжийн өсөлтийг чухалчлах ёстой. Техник технологийн дэвшлийг ашиглан бүтээмжээ нэмэгдүүлж байх юм бол цалингийн нэмэгдэл үнийн дарамт болж ажиглагдахгүй. Тэгэхээр төр болоод хувийн хэвшлийнхэн цалинг нэмэх тохиолдолд бүтээмжээ өсгөх нь чухал юм.
 

   
Б.Заяа
Связанные новости