1,5-2 сая төгрөгийн цалинтай жолоочийн ажлын байрны бүртгэл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-07-16 14:23:52
Улаанбаатар./МОНЦАМЭ/.Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, тээврийн салбарт тэргүүлж буй үндэсний 17 компанийн гишүүнчлэлтэй “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-тай байгуулсан Санамж бичгийн хүрээнд С,Е ангиллын жолооны үнэмлэхтэй, мэргэшсэн жолоочийн ажлын байрны бүртгэлийг өнөөдрөөс эхлэн энэ сарын 20-ныг хүртэл  зохион байгуулах юм байна.

Бүртгэлд хамрагдаж, ажлын байрны тавигдах шаардлагад тэнцсэн жолооч нарыг энэ сарын 25-наас эхлэн эерэг хандлага төлөвшүүлэх, ажилдаа хариуцлагатай хандах, хорт зуршлаас ангид байх сургалт, нөлөөллийн ажлуудад хамруулж, амжилттай суралцсан залуусыг ажлын байранд шууд холбож өгөх аж.

“Монгол Тээвэр Нэгдэл” ХХК нь БНХАУ-ын “Чалко” компанитай 2018 оны нэгдүгээр сараас 2022 он хүртэл хамтын ажиллагааны тогтвортой байдлын гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Тус нэгдлийн ажилчдын байр Гашуун сухайт боомтын 25-35 дахь километр хооронд байрлах ба байр, хоолны зардлыг ажил олгогч байгууллага бүрэн хариуцаж, нээлттэй ажлын байранд шинээр орох залуучуудын нэг сарын үндсэн цалин 1,5 сая төгрөгөөс 2 сая төгрөг хүртэл бөгөөд жолоочийн идэвхи, зүтгэлээс хамааран цалингийн хэмжээ нэмэгдэх боломжтой юм.

Тээврийн салбартаа тэргүүлэгч үндэсний компаниудад ажиллах хүсэл сонирхолтой 21-нээс дээш насны залуусыг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын байранд буюу нийслэлийн Засаг захиргааны V байранд энэ сарын 16-наас 20-ны өдөр хүртэл 08:00-17:00 цагийн хооронд бүртгэх юм байна.
Связанные новости