Асадыг дэмжсээр байвал АНУ хатуу арга хэмжээ авахаас аргагүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /TASS/. Хэрэв ОХУ болон Иран Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг дэмжсээр байвал АНУ хатуу шийдвэр гаргахаас аргагүйд хүрнэ гэж тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри бямба гарагт мэдэгджээ.
“Хэрэв ОХУ, Иран хоёр эвсэл болж, үйл явцыг нураах боломжийг Асадад олгон, Сирийн төрийн эрхэнд шилжилтийн үйл явц болохгүй бол бид хэд хэдэн хатуу арга хэмжээ авахаас аргагүйд хүрнэ” гэж тэрбээр Вашингтон хотод болсон Америк-Израилийн форумын үеэр хэлсэн байна.
Ийм нөхцөл байдал Сирид үргэлжлэх боломжыг АНУ олгохгүй гэдэгт Керри итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. “Энэ нь АНУ төдийгүй Европын улс орон болгонд аюул учруулж байна. Энэ нь европчуудын хувьд Парис эсвэл өөр нэг газарт үйлдсэн халдлагаар зогсохгүй аюул. Ойрхи Дорнодын орнуудаас ирж буй цагаачид Европын бодлогыг бүрмөсөн өөрчилж болзошгүй учир энэ нь аюул юм” гэж Керри хэлжээ.
Түүний хэлснээр, “Иран, Турк, Иордан, Ливан, ОХУ, АНУ болон бусад бүх холбоотон, мөн эвсэл” “нэгдмэл Сири улсыг” бий болгох зорилгоор нэгдсэн.
Д.Жаргал